Тайлбар: НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авахгүй
2019-01-03

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох ажлыг энэ сараас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан олон нийтийн цахим сүлжээгээр иргэд, аж ахуй нэгжид олгох НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авна гэх мэдээлэл тархаад байна. 


Энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "НӨАТ ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авч байгаа мэтээр ташаа мэдээллийг цахим хуудсаар тараасан байна. Энэ бол ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иргэдийг 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 08 ны дотор бүртгүүлсний дараа мэдээллийг нь баталгаажуулаад, буцаан олголт өгөх ажлыг эхлүүлнэ" гэв. 

 

Дашрамд сануулахад албан татвар төлөгч нь хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй. Албан татвар төлөгч нь 2018 оны сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн  буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-ны дотор цахим төлбөрийн баримтын систем (https://ebarimt.mn/)-д бүртгүүлсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин