Хатгалгаагаар өвдсөн хүүхэд сарын дараа бүрэн эдгэрдэг
2019-01-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин тархвар судлалын 52 дугаар долоо хоногт амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бага үзүүлэлт аж.

 

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69.4 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинэ жилийн баярын дараахан бага насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэлт огцом нэмэгдсэн гэдгийг ЭХЭМҮТ-ийн эмч нар хэлж байна. Учир нь баяр ёслолын өдрүүдэд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газраардагуулж явах, хөдөө хол замд авч гарах зэргээр томуу, томуу төст өвчний дэгдэлтийг нэмэгдүүлдэг байна. Улмаар бага насны хүүхэд уушгины хатгалгаагаар өвчлөх тохиолдол ихсэх хандлагатай байгаа гэдгийг ЭХЭМҮТ-ийн уушигны эмч Б.Ариунхишиг хэлж байлаа. Мөн утаа, агаарын бохирдол уушгины хатгалгаагаар өвчлөхөд ихээхэн нөлөөлж буй аж.

 

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн бага насны хүүхдээ олон нийтийн газраар аль болох авч явахгүй байхыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Ханиадтай хүүхдээ гэрээр сайн асарвал гэрийн нөхцөлд эмчлэх бүрэн боломжтой төдийгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд дөнгөж гарсан хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулах гэж яарах хэрэггүй аж. Учир нь хатгалгаагаар өвдсөн хүүхэд сарын дараа бүрэн эдгэрдэг байна. Тиймээс томуу, томуу төст өвчний хурц үе нь дарагдсан даруйд эмчилгээг таслахгүй байх, сургууль цэцэрлэгт явуулахыг урьтал болгохгүй байхыг зөвлөлөө.

 

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?

 

·Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм

 

·Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

 

Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:

 

·Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.

 

·Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.

 

·Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

 

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

 

·Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

 

·Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй.

 

·Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

 

Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:

 

·  Ханиалгах

 

·  Халуурах

 

·  Нус гоожих

 

·  Тайван бус болох

 

·  Хоолонд дургүй болох

 

·  Заримдаа амьсгаадах

 

·  Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.

 

Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

 

Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?

 

Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШИРОХ гэнэ. Үүнд:

 

·  2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон

 

·  2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон

 

·  12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.

 

·  Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.

 

·  Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.

 

·  Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.

 

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
BGDiin xvvxdiin tvrgen shono zalgaad utsaa abaagvi shvv
2019-01-07