Өнгөрсөн онд 10 гаруй мянган мал хулгайд алдагджээ
2019-01-08

Цагдаагийн ерөнхий газрын цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 40 орчим хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гурван дуудлага, мэдээлэл бүрийн нэг нь хулгайн гэмт хэрэг байна. Хулгайн гэмт хэргийг бууруулахаар цагдаагийн байгууллагаас үе шаттай арга хэмжээ явуулж байгаа ч гэмт хэргийн тоо төдийлөн буурахгүй байгааг албаныхан хэллээ.

 

Улаанбаатарт үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийг бууруулахаар “Камержуулалт” болзолт уралдааныг зохион байгуулсан. Гэвч хөдөө орон нутагт хулгайн гэмт хэрэг буурахгүй өсөх хандлагатай байгаа аж.  2017 оны статистик мэдээг 2018 онтой харьцуулахад хулгайн гэмт хэргийн гаралт өссөн байна. Тухайлбал 2018 онд нийслэлийн хэмжээнд 17 мянга гаруй хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн бол Улсын хэмжээнд 22 мянган хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн гаралт өсчээ.

 

2018 онд мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой 1360 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал өнгөрсөн онд 10 гаруй мянган мал хулгайлах гэмт хэргийн замаар алдагдсан байна. Бүртгэдсэн гомдол мэдээллийн 80.5 орчим хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Мал хулгайлах гэмт хэрэг сар шинийн баярын үеэр эрс нэмэгддэг байна. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаа сэрэмжлүүлж байна.

 

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээ өчигдрөөс /2019.01.07/ улсын хэмжээнд эхэлсэн. Цагдаагийн байгууллага цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тусгай арга хэмжээ явуулдаг. Энэ арга хэмжээг явуулахдаа иргэдийн оролцоо, санаачлагад түшиглэн ажилладаг.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин