Ц.Даваасүрэн: УИХ тарах хэрэгтэй
2019-01-08

 

 

УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд  Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Энэ талаар хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

 

-Хуулиараа бол УИХ-ын дарга бол хурал даргалагч. УИХ-ын тогтвортой байдал гэдэг нь УИХ-ын даргын асуудал биш 76 гишүүний асуудал юм. УИХ-ын олонх нь хуралдаа оролцохгүй гэдэг байдал үүсээд байхад УИХ-ын дарга нь ажиллах чадамжгүй болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн хууль бол гарц, тиймээс энэ хуулийг хэлэлцэх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа нэг бол УИХ-ын дарга огцор үгүй бол УИХ тар гэдэг л нөхцөл байдалтай байна. Төрийн үйл ажиллагаа удаан гацаж болохгүй, тиймээс энэ хууль бол гарц, шийдэл гэж харж байна. Үндсэн хууль талаасаа УИХ-ын тарах нөхцөл нь УИХ чадамжгүй болсон үед гэж заасан. Одоо бол УИХ-ын үйл ажиллагаа чадамжгүй болсон гэж харж байна. Цаашдаа бол асуудал хүндэрвэл энэ УИХ тарах хэрэгтэй.

 

-Уг төслийг хэлэлцэхэд  хуралдааны ирц хүрэх болов уу?

 

-Хүрнэ. Яагаад гэвэл УИХ-ын даргыг огцруулахаар хуралдаа оролцохгүй байгаа 40 гишүүн байгаа шүү дээ.

 

-Намрын чуулган завсарлахад нэг сар гаруй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд товлосон ажлуудаа хэлэлцэх, эрх баригч нам эвлэрэх боломж бий юу?

 

-Энэ бол намын асуудал биш. Нам гэхээс илүү улстөрд шинэтгэл хийх тухай асуудал. Шударга бус зүйлийг цэгцэлж, зарчимтай амьдрах асуудал л ярьж байна. Хэдэн сая, тэрбумаар нь нэг хэсэг нь яриад байж болохгүй шүү дээ. Үүнийг нам доторх хагарал, эрх мэдэл хуваалцах гэсэн асуудал биш. Улс  төрийн тэмцэл шиг харагдуулах гэж оролдож байгаа хүмүүс бас байх шиг байна.

 

-Энэ жил эрчим хүчний салбарт ямар ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

 

-Шинэ оны босгон дээр бид  “Оюутолгой”-г дотоодын эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурсан. Үүний хүрээнд гарын холбогдох гэрээ, контракт байгуулах ажил үргэлжилж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг санхүүжилтийг зээл, Эрдэнэт, Дархан,  Амгалан ДЦС, "ТЭЦ-III" зэрэг станцуудын  өргөтгөл барих санхүүжилтийг энэ жил босгоно. Мөн "ТЭЦ-IV"-ийн дөрвөн блокийг шинэчилж, эрчим хүчийг нэмэгдүүлнэ. Бид энэ оноос эхлэн "Оюутолгой"-г тодорхой хэмжээгээр эрчим хүчээр хангана. Одоогоор 100 хувь дотоодоос хангах боломжгүй.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин