С.Чинзориг: МСҮТ-ийн багш нарын урамшууллыг цалингийн 10 хувь болгоно
2019-01-08

Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Энэ жилийг ХНХЯ-наас Багшийн хөгжлийг дэмжих болж болгон зарлаж байна. Энэ хүрээнд МСҮТ-ийн багш нарын урамшууллыг цалингийн 10 хувь болгож, мөнгийг нь улирал тутам  олгоно. Мөн цалин нэмэгдэнэ. Түүнчлэн МСҮТ-ийн багш нарыг 1300 гаруй компьютерээр хангана. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт зохион байгууллаа. Чанарын баталгаажуулалтын хүрээнд магадлан итгэмжлүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. 

 

МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байхаар энэ оны төсөвт 41 тэрбум төгрөг суутгасан. Үнэлгээ, ирц, сургалтын амжилтаас хамаарч тэтгэлэг олгоно хэмээлээ. Дараагаар нь гишүүдийн асуултад хариулав.

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

 

-МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох юм байна. Ингэснээр МСҮТ-д суралцагчдын тоо нэмэгдсэн үү?

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Тэтгэлэг олгосноор залуучуудыг мэргэжил, ур чадвартай болгох сонирхлыг өдөөсөн. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцана гэж харж байгаа. 

 

ХНХЯ-ны Газрын дарга н.Халиунаа:

 

-Тэтгэлэг олгодог байх үед суралцагсдын тоо 10 мянга гарч байсан. Харин тэтгэлэг олгохоо больсон жилүүдэд 5000 болтлоо буурсан. Одоо тэтгэлэг олгодог болсноор элсэлт нэмэгдэнэ гэж үзэж байна. Өмнө нь ЕБС-ийн төгсөгчдийн тоо 12 мянга байсан. Ирэх жил ЕБС төгсөгчдийн тоо 17 мянгад хүрнэ. Тиймээс тэтгэлэг олгосноор элсэгчдийн тоо нэмэгдэнэ гэсэн прогноз байна. 

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
МСҮТ чинь мөнгөө оюутнууддаа өгдөг юм уу өгдөггүй л гэдэг ш дээ хаанаа хэндээ байдагийн
2019-10-04