Хүнсний зориулалттай нийлэг уут, скочны хэрэглээг хориглохгүй

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Ирэх гуравдугаар сарын 1-нээс бидний хамгийн ихэр “ад үздэг”, гэхдээ бас бидэнд хамгийн их хэрэг болдог нийлэг уут буюу нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хориглоно. Ингэхдээ бүх нийлэг уут биш нийтлэг хэрэглэгддэг, 0.035 мм буюу үүнээс нимгэн нэг удаагийн нийтлэг уутны хэрэглээг хязгаарлах юм.

 

Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхэлжээ. Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон.

 

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг БОАЖЯ, ГЕГ, МХЕГ хяналтл тавьж ажиллана. Энэ талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булганаас тодруулахад “Засгийн газрын тогтоолоор 0.035 мм буюу 35 микроноос нимгэн, нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хориглох шийдвэр гарсан. Дэлхийд нийт 100 гаруй улс орон ямар нэгэн байдлаар нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хязгаарлах зохицуулалтыг бий болгоод хэрэгжүүлээд явж байна. Энэ жилийн тухайд ч гэсэн Дэлхийн байгаль хамгаалах өдрийг хуванцар нийлэг хог хаягдалтай тэмцэх тухай уриан дор нэгдэж тэмдэглэсэн.

 

Эхний ээлжинд зах худалдааны төвүүдээр үнэ төлбөргүй бүтээгдэхүүн савлаж өгдөг судалтай цэнхэр, улаан, цагаан уутнуудыг хориглоно.  Цаашид үйлдвэрлэгч импортлогчдын хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн эко төлбөрийн хууль гаргах ажлын хэсэг гараад ажиллаад явж байна. Энэ хүрээнд хог хаягдлын зонхилох хувийг эзэлдэг, сав баглаа боодлыг тодорхой хэмжээгээр хориглох, эсхүл төлбөртэй болгох зохицуулалтыг хийж эргээд төлбөрийн механизмаар дамжуулж хэрэглээг хумих, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх зохицуулалтыг хийнэ.

 

Хог хаягдлын бүтцийг хараад үзэхээр нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой байдаг. Түүний 10 орчим хувь нь буюу жилдээ 100 мянган тонн хог хаягдал нь нийлэг хог хаягдал байгаа. Тэгэхээр аль болох олон дахин хэрэглэж болох сав баглаа боодол, уутыг дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Даавуун уутыг цэвэрлээд дахин ашиглаж болно. Мөн бат бөх пластик уутыг олон дахин, олон зориулалтаар ажиллаж болно. Хэрэглээ буурахын хэрээр хог хаягдал буурна гэсэн зарчмын хүрээнд ажиллаж байгаа" хэмээв.

 

Хэрэглээнээс хасах нийлэг уутнууд

 

Манай улс хэрэглэсэн хуванцар гялгар уутныхаа 8 хувийг л дахин боловсруулдаг бөгөөд үлдсэн 92 хувь нь шууд байгальд хаягддаг гэсэн үг. Гэтэл гялгар уут нь байгальд шингэхдээ зарим тохиолдолд 500 гаас дээш жил болдог байна. Энэ хугацаандаа нар салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлж хөрсний усыг хордуулахаас гадна шатсан тохиолдолд авто машины дугуй шатсантай тэнцэх хэмжээний хорт хий / хар тугалга/ ялгаруулдаг гэдгийг олон улсын эрдэмтдийн судалгаанд онцолсон байдаг. Иймд гялгар уутыг хэрэглээнээс хасахыг дэлхий нийтээрээ уриалж, гялгар уутнаас дэлхийн 60 гаруй улс татгалзаж, хэрэглэхийг хориглосон хууль гаргажээ. Тухайлбал хамгийн сүүлд Кени улс нийлэг уут импортлох хэрэглэсэн тохиолдолд 40 мянган ам.доллараар торгох болон дөрөв хүртэлх жилээр хориглох хууль баталсан байна.

 

Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус зориулалтын, 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хориглох бөгөөд гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах аж. Эхний ээлжинд 0.035 мм-ээс нимгэн хальсан уут буюу бидний нэрлэж заншсанаар 10-ын, 100-ын цэнхэр, улаан судалтай уутнууд, иргэдэд үнэ төлбөргүй бараа, бүтээгдэхүүн савлаж өгдөг нэг удаагийн нимгэн цагаан уутыг хэрэглээнээс хасах юм байна.

 

Харин 0.035 мм-ээс илүү зузаантай хүнсний зориулалттай уут болоод хүнсний скоч хэрэглэхийг хориглохгүй аж. Үүнийг тодруулбал “Е март”, “Миний дэлгүүр” зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдан авагч өөрийн хүссэн хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүнээ савлаж авахад бэлдсэн, тасалж авах зориулалт бүхий нийлэг уутыг хэрэглээнээс хасахгүй юм байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гялгар уутны хэрэглээг гэнэтхэн шийдвэр гаргаж хориглоогүй, зургаан сарын өмнө Засгийн газрын тогтоол гарч, иргэн, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл түгээсэн тул нийлэг уутыг хэрэглээнээс хасах бэлтгэлээ дор бүрнээ базаажээ. БОАЖЯ-ны мэргэжилтнүүд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 19-нд нийлэг уут импортлогчидтой уулзаж ярилцахад зарим аж ахуй нэгжүүд импортоо зогсоож, эко уут үйлдвэрлэж эхэлсэн тухай хэлсэн байна.

 

Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж, нийлэг уутаар иргэдэд үйлчилсэн, хэрэглэсэн тохиолдолд аж ахуй нэгжийг 3 хүртэлх сая төгрөгөөр, иргэнийг 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

 

Нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс хасахаар давуун эсхүл цаасан уутны хэрэглээ нэмэгдэнэ. Тэгвэл нэг удаагийн бус нэг авчихад хэдэн жил хэрэглэж болохуйц даавуун уут 1000-6000 төгрөгийн үнэтэй байна. Даавуун уут хэрэглэх нь эрүүл мэнд болоод эдийн засагт дэмтэй тул хууль хэрэгжиж эхлээгүй ч сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд нийлэг уутнаас татгалзаж, даавуун уут, тор хэрэглэхийг уриалж байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ