Улаанбаатар
“Солиот эх”-ийн СОДОН амжилтууд
1-10

Одоогоос нэг жилийн өмнө Хятадын зохиолч Wang Heng Ji-ийн өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Солиот эх” уянгын драма жанрын уран сайхны кино нээлтээ хийж, Монголчуудыг байлдан дагуулж байсан. Энэ бол “Х түц” продакшны бүтээл бөгөөд киноны ерөнхий найруулагчаар И.Одончимэг, найруулагчаар Ч.Ганзориг, ерөнхий продюсераар Н.Онон ажиллаж, гол дүрд нь МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү, МУГЖ Д.Цэрэндарьзав болон Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон. Эдгээр уран бүтээлчид үзэгчдээс “ОНЦ” дүн аваад зогсохгүй олон олон амжилтын эзэд болсон билээ.

 

И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртэв

 

 

Өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд SCO (Shanghai Cooperation Organization) болсон кино фестивальд “Солиот эх” уран сайхны киногоо “сойж” МУГЖ И.Одончимэг Номооны дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн. Энэхүү кино наадамд 12 орны 55 кино уран бүтээл зургаан номинацид нэр дэвшин, өрсөлдсөн билээ.

 

“Солиот эх” Хятадын зах зээлд гарав

 

 

БНХАУ-ын Чиндао хотод Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд SCO (Shanghai Cooperation Organization) болсон кино наадамд оролцсон “Солиот эх” киноны уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо албан ёсны эрхтэйгээр гаргах санамж бичигт гарын үсэг зурсан.

 

ТӨРД тоогдов

 

 

Кино уран бүтээлчдэд төр, засгийн дэмжлэг үгүй. Ёстой л “мөнчгөрөөрөө” зүтгэж, Монголын кино урлагийг хөгжүүлж, дэлхийд таниулахыг зорьж, тэмүүлж яваа хүмүүс бол киночид. Тэднийг дэлхийн хэмжээний кино наадамд амжилт гаргасан ч төр засаг урамшуулж, дэмжих нь ховор. Харин “Солиот эх” киноны уран бүтээлчид “SCO Film Festival 2018” олон улсын анхдугаар кино наадамд “Х-түц” продакшн амжилттай оролцсонд талархаж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан нь онцлог байв. Уран бүтээл нь “шатвал” хариуцлагаа өөрсдөө л үүрдэг, амжилт олвол өөрсдөө л баярладаг хувийн хэвшил болоод чөлөөт уран бүтээлчдэд энэ үйл явдал ихэд урам өгсөн нь лавтай.

 

Олон улсад “Солиот эх”-ийг сойв

 

 

Уран бүтээлчид “Солиот эх” уран сайхны киногоороо цөөнгүй олон улсын кино наадмуудад оролцсон. Одоогийн байдлаар зургаан “навчтай” болоод амжсан. Тухайлбал “А” зэрэглэлийн 15 кино наадамд чансаагаараа 15-д бичигддэг Эстони улсад болсон олон улсын кино наадамд амжилттай оролцсон. Мөн Вьетнамын нийслэл Ханой хотод болсон “Hanoi international film festival”-д амжилттай оролцсон билээ.

 

Киноны зураач Н.Болор-Эрдэнэ “Мөнгөн мод” цомын эзэн болов

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулсан. Уг шагналд мэргэжлийн урлагийн 27 байгууллагын 40 гаруй уран бүтээлч нэр дэвшсэнээс “Солиот эх” уран сайхны киноны зураач Найдамнямын Болор-Эрдэнэ “Тайз, дэлгэцийн шилдэг зураач”-аар шалгарч “Мөнгөн мод” цомын эзэн болсон. Тэрбээр шагнал авсан даруйдаа “Миний бүх амжилт, ололт “Х түц” продакшнтай салшгүй холбоотой байдаг. Энэ удаад ч мөн “Х түц”-ийнхэнтэй хамтран ажилласан “Солиот эх” уран сайхны киногоор тодорхойлуулж, энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Өмнө нь мөн “Х түц” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр шагнал хүртэж байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Эх орноо тойрсон анхны Монгол кино

 

 

Улаанбаатар хотод нээлтээ хийсэн шинэ кино уран бүтээлүүдийг хөдөө орон нутгийн үзэгчид алдалгүй үзэхийг хүсдэг. Гэвч олон зуун километр замыг туулж, алс хязгаарт хүрч очин киногоо үзүүлэх уран бүтээлчид цөөн. Тэгвэл “Солиот эх” кино хамгийн олон аймагт буюу Монголын бүх аймагт /21 аймаг/ гарсан, “Эх орноо тойрсон” анхны Монгол кино болсноороо онцлогтой. Энэ нь уран бүтээлчдийн хувьд бас нэгэн амжилт юм.

 

Салфитка бэлдүүлсэн “Солио”-той кино

 

 

“Солиот эх” уран сайхны киногоор дамжуулан хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийг харуулсан. Эх хүний хайрыг өгүүлсэн эл кино 2018 оны үзэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн кино байв.  Сэтгүүлч Мөнхбаясгаланы хэлснээр “Хүний сэтгэл зүрхийг гогдож, нэг бол юу ч үгүй урж тасдаж хаяад, эсвэл гүн гүн санаа алдалтаар дүүрэн өдрүүдийг бодол оюунд уяж чадсан” бүтээл байлаа. Кино нээлтээ хийсэн даруйд үзсэн нэг нь үзэж амжаагүй нөгөөд хандан “Салфитка бэлдээрэй” хэмээн захиж ээжтэйгээ хамт киног үзсэн бусад нь амжиж хайртай гэдгээ хэлсэн гэдэг. Ингэж л “Солиот эх” киног үзсэн хүмүүс танхимаас нулимстай, хайр дүүрэн гарч ирж байлаа.  Энэ киног үзээд сэтгэл дундуур гарч ирсэн нэг ч үзэгч байгаагүй бөгөөд бүгд урмын, магтаал сайшаалын үгийг хэлж байсан нь бас нэгэн амжилт байв.

 

Дашрамд дурдахад “Солиот эх” уран сайхны кино 1 дүгээр сарын 11-ээс  Юнивишн, Скаймедиагийн видео санд орох юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин