Ц.Нямдорж: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бололцоогүй

Халдашгүй байдлын дэд хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дүгнэлт гаргалаа. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:
-Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргасан Ерөнхий прокурор болон гишүүдийн тайлбарыг сонслоо.
Ерөнхий байдлыг авч үзвэл нэгдүгээрт шалгалт дуусаагүй байгаа. Дуусах төгсгөлийн шатандаа орж байгаа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Ийм учраас мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэж үзэж байна. ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаа буруутай, буруугүйг шийдээд, гарцаагүй гэж үзсэн асуудал байвал оруулж ир.
Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нэмж тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавигдаж байгаа дөрвөн гишүүн тус бүртээ дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.Тийм учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй.
Ийм учраас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах бололцоогүй байна гэж 100 хувийн саналаар дүгнэлт гарсныг та бүхэнд танилцуулж байна хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ерөнхий прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлээ юу гэж тайлбарласан бол?
-Ерөнхий прокурорын тайлбарыг би тайлбарлах боломжгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ