БНХАУ-д 621 мянган хүнийг авлигын хэрэгт буруутгажээ
2019-01-14

БНХАУ-д өнгөрөгч онд 621 мянган хүнийг авлигын хэрэгт буруутгаж, хариуцлага тооцсон талаар "Синьхуа" агентлаг мэдээллээ.

 

 

Дээрх иргэдийн 51 нь төрийн өндөр албан тушаалтан байсан гэнэ. Уг мэдээллийг эрх баригч "Коммунист Нам"-ын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооноос баталж, "авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдийг хуулийн дагуу шалгана" гэлээ. 

 

Ерөнхийлөгч Си Зиньпин "БНХАУ-ын ирээдүйг сүүдэрлэх авлигыг ул мөргүй үлдэн хөөх учиртай" гэж хатуухан мэдэгдэв. 

 

Авлигатай тэмцэх байгууллага өнгөрөгч онд иргэдээс авлигатай холбоотой 3.4 сая гомдол хүлээн авчээ. Эдгээр гомдлын 30 орчим хувь төрийн албан хаагчидтай холбоотой гэнэ. 

 

Албаныхан дээрх гомдлын дагуу сая орчим хүнээс байцаалт авч, 621 мянган хүний 526 мянга нь намын шийтгэл хүртжээ.  Мөн улсад үлэмж хэмжээний хохирол учруулж, хилийн дээс алхсан 300 гаруй этгээдийг баривчлан, хариуцлага татсан аж. 

 

Си даргын эхлүүлээд буй авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд нийт 1.5 сая өндөр албан тушаалтан хариуцлага хүлээжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин