Америк сайд алуурчин гэгдэж буй ханхүүгээс тодруулга авна
2019-01-14

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тун удахгүй Саудын Араб улсад албан ёсны айлчлал хийх билээ.

 

 

Сайд өдгөө Катарын Доха хотноо айлчилж, албаныхантай уулзаж байна. 

 

Тэгвэл сайд Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бен Салмантай уулзахаар тохиролцсон ба уг уулзалтын үеэр ханхүүгээс учир битүүлэг байдлаар амиа алдаад буй сэтгүүлч Жамаль Хашоггийн талаар лавлаж, тодруулага авахаар болсон гэж мэдэгджээ.

 

Тэрбээр Катарын Гадаад хэргийн сайдтай уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд ийнхүү мэдэгдсэн аж. 

 

Америкийн өдөр тутмын "Вашингтон Пост" сонины сэтгүүлч, тоймч Жамаль Хашогги өнгөрсөн оны аравдугаар сард Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон юм.

 

Уг үйл явдлаас хоёр долоо хоногийн дараа Сайдын Арабын эрх баригчид сэтгүүлчийг золгүй байдлаар амиа алдсан гэж мэдэгджээ. Олон улс уг хэргийг ханхүүг захиалсан хэмээн буруутгаж, "алуурчин" хэмээн тодотгож буй юм. 

 

Хэрвээ ханхүү уг хэрэгтэй холбоотой, гол захиалагч нь тодорхой болбол угсаа залгамжлах статусаа алдаж, хаан ширээнд залрах боломжгүй болно. 

 

Тус улсын прокурорууд сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан хэргээ хүлээсэн 11 этгээдэд цаазын ял оноохоор төлөвлөжээ. Харин Туркийн тал "сэтгүүлч эр манай улсад амиа алдсан хэрэгтнүүдийг бидэнд хүлээлгэн өг" гэх байр суурьтай байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин