У.Хүрэлсүх: Том том алтан цаг зүүдгээ больцгоо, дарга нар аа

Монгол төрийн албан хаагчид, дарга нарын тансаглалын тухай олон жил яригдсан. Ард түмэн талхны мөнгөнийхөө төлөө зүдэрч байхад тэдний татварын мөнгөөр цалинждаг төрийн албан хаагч нар алтан цаг зүүж чамирхдаг, үнэтэй машин унаж зиндаархдаг. Тэгвэл ийм тансаглалаа болих үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны 185 мянган албан хаагчид өглөө. Тэрбээр “Даруухан бай. Том том алтан цаг зүүдгээ больцгоо. Хүн цохиод алчихаар том том алтан үзэг барьдгаа одоо боль. Swarovski шигтгээтэй том том цүнх барьдгаа больцгоо, дарга нараа, төрийн албан хаагчдаа.
Би дөрвөн удаагийн айлчлал хийлээ. БНХАУ, АНУ, БНСУ, Японд айлчиллаа. Төрийн албан хаагчдын барьж байгаа үзэг, цүнхийг нь хараарай. Тэгээд өөрсдийгөө жишиж хараарай. Ядарсан Монголын, сая төгрөг хүрэхгүй цалинтай төрийн албан хаагч нар мянга мянган долларын үнэтэй цаг зүүж, үзэг бариад сууж байна. Гадныхан юу гэж харах уу. Чөлөөнд гарсныхаа дараа тэр баян, тансаг зүйлээ хэрэглэ. Эсвэл хувийн хэвшилд шилжсэнийхээ дараа алт, мөнгөн цагаа зүүцгээ. Түүнээс төрийн албаны эмх цэгц эхэлж байгаа юм шүү, төрийн албан хаагч нар аа. Эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ анхааралтай бай. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч нар байж таарахгүй” хэмээн төрийн албаны 185 мянган албан хаагчид хатуу сануулга, үүрэг өглөө.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ