2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа
2019-01-16

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр боллоо.

 

 

Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж 2018 оныг “Хариуцлагын жил”болгон зохион байгуулсан ажлын үр дүн, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнгийн талаар хэлэлцэв.

 

  Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна бүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо.

 

 

2019 оныг  “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа

 

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

 

“Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

 

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгав.

 

 

Иргэн төвтэй үйлчилгээний жилийн хүрээнд

-Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ

-Ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах

-Төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох

-Үр дүнд суурилсан удирдлага

-Иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Тухайлбал, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбож, төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгоно.

 

Мөн төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа үйлчилгээний стандартыг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэнэ.

 

Төрийн үйлчилгээний шимтгэл, хураамжийг бууруулж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн санал, дүгнэлтээр төрийн үйлчилгээний үнэлэмжийг тогтооно. Төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх бөгөөд иргэдтэй зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг төрийн үйлчилгээний байгууллагууд нэвтрүүлнэ. Эдгээр зорилт, арга хэмжээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Төрийн үйлчилгээнд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно гэж үзэж байгаа юм.

 

Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөх шаардлагатай. Иймд 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан байна. 

 

 

Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтад 44576 албан хаагч хамрагджээ

 

 Үнэлгээний талаар:

 

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн дарга нар тушаал гаргасан. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах удирдамж, Төв комиссын бүрэлдэхүүн зэргийг баталсан юм.

 

Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин /31 үзүүлэлтээр/ болон төрийн байгууллагын ажлыг үнэлэх /70 үзүүлэлтээр/ үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны хооронд явууллаа. Үүнд 13 яам, 23 агенлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 44576 албан хаагч хамрагдсан байна.

 

Ажлын хэсгүүд төрийн жинхэнэ албан хаагч бүртэй биечлэн уулзаж үнэлгээ хийсэн бөгөөд хууль эрх зүйн болон мэдээллийн технологийн мэдлэгийн түвшинг тестээр авч тогтоожээ.  

 

Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль, эрх зүйн тестийн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

74.7

2

Аймаг, нийслэл

73.6

3

Агентлаг, харьяа байгууллага

78.1

4

Яам

82.2

Мэдээллийн технологийн тестийн үнэлгээ /хувиар/

 

1

Улсын дундаж

65.6

2

Аймаг, нийслэл

64.2

3

Агентлаг, харьяа байгууллага

70.4

4

Яам

73.7

 

Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээ /хувиар/

 

 

1

Улсын дундаж

84.3

2

Аймаг, нийслэл

84.3

3

Агентлаг, харьяа байгууллага

84.1

4

Яам

84.0

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

83.5

2

Аймаг, нийслэл

84.0

3

Агентлаг, харьяа байгууллага

82.6

4

Яам

80.0

 

Төрийн тусгай байгууллагуудаас Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхийн Тамгын газар зэрэг 41 байгууллагын төрийн жинхэнэ 786 албан хаагчийн үнэлгээны дундаж 77.86, байгууллагын үнэлгээний дундаж 94.5 хувьтай гарчээ. Улсын ерөнхий прокурорын газар, түүний харьяа аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын 687 прокурор, ажилтны үнэлгээний дундаж 89.0, байгууллагын үнэлгээ 92 хувьтай байна. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас сайд нар болон агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгөв.

 

Тухайлбал:

 

-  Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилох, удирдах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө мерит болон шатлан дэвшүүлэх зарчмыг үндсэн шалгуур болгож Төрийн албаны тухай хуулийг чанд баримтлах

 

-  Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүс хуульд заасан шаардлага хангаж байгаа бол  холбогдох журмын дагуу томилох, шаардлага хангахгүй бол ажлаас нь чөлөөлөх

 

-  Төрийн захиргааны албан тушаалын байнгын ажлын байранд гэрээт ажилтан ажиллуулан хууль тогтоомж зөрчиж байгааг таслан зогсоох, гэрээг нь цуцалж орон тоог хуульд заасан журмын дагуу нөхөх

 

-  Төрийн байгууллагын зарим боломжит ажлыг цахимжуулах, үе шаттайгаар цахим систем нэвтрүүлж төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

 

-  Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг бодитой, үнэн зөв үнэлэх

 

-  Сахилга хариуцлагыг дээшлүүлж, байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам хэрэгждэг соёл тогтоох, иргэдийн итгэлийг хүлээсэн, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх

 

-  Төрийн албан хаагчийг албан тушаалын онцлог, хариуцсан ажил, гүйцэтгэх чиг үүргийг нь харгалзан мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулах зэргийг үүрэг болголоо. 

 

Shuud.mn
Сонин хачин