Хувьцаатай, хөрөнгөтэй хойч үеийг бэлдье
2019-01-19

 

Залуучууд “iphone” гар утасны сүүлийн загварыг нь худалдаж авах гэж банкнаас зээл авч байна л гэдэг. Гэтэл зарим залууст банкнаас зээл авч ирээдүйгээ барьцаалахын оронд хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Үүнийг өнөөдөр /2019.01.19/ зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтаас харлаа. Арга хэмжээ “Шангри-Ла малл”-ын дөрвөн танхимд нэгэн зэрэг олон чухал сэдвийн хүрээнд явагдсан ч бүх танхимд үзэгч дүүрсэн “Уучлаарай, таны хажууд хүн бий юу” гэх асуулт хамгийн олон сонсогдсон. Үзэгчдийн ихэнхи нь хийж, бүтээхсэн гэхээс дотроо “асч” яваа залуучууд байсан нь олзуурхууштай.

 

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй нь энэ. Энэхүү чуулга уулзалтаар хөрөнгийн зах зээлд өрнөж буй хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, хүлээгдэж буй IPO, компанийн засаглалд гарч байгаа өөрчлөлт шинэчлэл, эрх зүйн орчны хувьсал зэргийг олон нийтэд мэдээллэхийг зорьдог. Энэ удаад 2018 оны хөрөнгийн зах зээлийн онцлог үйл явдлыг эргэн сануулж, 2019 оны үнэт цаасны зах зээлийн хөгжлийг хэлэлцлээ. Мөн “Тэтгэврийн тогтолцоо, Баялгийн сан, Финтекийн дайралт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

НЭГ: 2018 оны Хөрөнгийн зах зээлийн голлох үйл явдлууд

 

 

2005-2018 онд хөрөнгийн зах зээлд өрнөсөн үйл явдал:

 

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг эргэн сөхвөл 2001 онд анх компаниуд бондоо арилжиж эхэлсэн байдаг. 2005 оноос хувьцаат компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгох буюу  арилжаалж эхэлсэн бөгөөд өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд 19 компани зах зээлд IPO хийжээ.

 

IPO гэдэг үгийг сонсоогүй, хувьцааны талаар мэдэхийг хүсээгүй өнгөрүүлсэн Монгол хүн цөөнгүй бий. Тэгвэл IPO гэдэг нь тухайн компани олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, хөрөнгө босгож байгаа үйл явцыг хэлдэг. Харин хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн ногдол ашиг хүртэх үйл явц.

 

2011 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж 2 их наяд төгрөгт хүрч байв. Харин 2017 онд 2.3 их наяд төгрөгт хүрч байсан бол өнгөрөгч 2018 онд энэ үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрч хамгийн их “ургац” хураасан жил байлаа гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлсэн. Ингэж зах зээлийн үнэлгээ өсөхөд дотоодын үйлдвэрлэгчид IPO гаргасан болоод иргэдийн зах зээлд хөрөнгөө оруулж, хувьцаа худалдаж авсан үйл явц чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл иргэдийн лизингдэх хүсэл бус хувьцаа худалдан авч амьдралдаа хөрөнгө оруулах “ухаалаг” шийдвэр нэмэгдсэн гэсэн үг.

 

Мөн 2018 онд хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд хоорондоо арилжаа хийж, арилжааны үйл явц 2017 онд 78 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 2.7 дахин өсч 210 тэрбум төгрөгийн арилжааг хөрөнгийн зах зээл дээр хийжээ. Хөрвөх чадварын хувьд өнгөрсөн 2017 онд 3 хувиар илэрхийлэгдэж байсан бол 2018 онд 8 болж, хөрвөх чадварын индекс сайжирчээ. Хөрвөх чадвар гэдэг нь иргэд худалдаж авсан хувьцаагаа хоёр дахь зах зээл дээр хоорондоо арилжаалах явдал. Энэ бол иргэдийн эдийн засгийн оролцоо сайжирч, зах зээлд суралцаж буйн өгөөж юм.

 

СЗХ-ны дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэсэн энэхүү чуулганыг “Ард санхүүгийн нэгдэл”-ээс зохион байгуулж байна. Хөрөнгө оруулагч үндэстэн байхаас гадна хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг хүртдэг үндэстэн байхыг төлөө хамтдаа ажиллая” гэлээ.

 

2019 он, үүнээс цааш хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх вэ?

 

Өмнө нь жилд 2-3 компани IPO хийхэд их л баярладаг байсан. Тэгвэл 2018 онд таван компани шинээр IPO гаргасан нь сүүлийн жилд тохиогоогүй хөрөнгийн зах зээлийн ахиц дэвшил байлаа хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганы үеэр хэлж байлаа. 2019 онд тав, түүнээс ч олон компани IPO хийх алс хэтийн төлөв байна. Учир нь дөнгөж он гарсан даруйд нэг компани IPO хийж, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авч, ирэх хоёрдугаар сараас хувьцаагаа худалдаж эхлэх гэж байна. Энэ нь “Ард кредит” ББСБ юм. СЗХ-ны 2019.01.09-ний өдрийн хуралдаанаар “Ард кредит” ББСБ-д IPO хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлийг олгосон. Ингэснээр тус ББСБ нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 70 сая ширхэг хувьцааг нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгон 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэхээр зэхээд байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны таамаглаж буйгаар энэ онд 3-7 компани IPО гаргах төлөвтэй байгаа аж. Энэ хэрээр IPO хийх эрэлтийг бий болгоход хөрөнгө оруулагч, иргэдийн мэдлэг боловсрол нэн чухал.

 

Банкнаас зээл авахын оронд IPO хийж, санхүүжилт босго

 

IPO хийх гэж буй компаниудад хандан Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга С.Өлзийбаяр “Компанийн ихэнхи нь банкнаас зээл авдаг. Үүнийхээ оронд компанийн хувьцааг олон нийтэд санал болгоод IPO хийж, санхүүжилт эсвэл бонд босгох хэрэгтэй. IPO хийх гэж байгаа компанийн удирдлагууд “Яагаад” гэдгийг бодолцож, зорилгоо тодорхойлох ёстой. IPO-г зөвхөн мөнгө гэж харах юм бол алсын хараа дутуу байна. IPO хийнэ гэдэг хуваалцах гэсэн үг. Өөрийн бизнесээ олон нийттэй хуваалц. Ингэхийн тулд хувийн компани ажиллуулж буй захирал шиг байж болохгүй. Хариуцлагатай, нээлттэй байх, мэдээллийг хувьцаа эзэмшигчдээ ил тод, нээлттэй өгч байх ёстой. Өөрөөр хэлбэл өөрийн бүх юмаа ил тод болго. Нэгэнт олон нийтээс мөнгө босгож байгаа учраас амархан бүтдэг ажил биш. Банкнаас зээл авч байгаа хэрэг биш учраас IPO хийхэд хамгийн багадаа зургаан сар зарцуулна” гэж зөвлөлөө.

 

Монголоос мөнгөө босгоод гадаадад хөрөнгө оруулалт хий

 

Дөнгөж хувьцаа гаргах эхэлсэн даруйдаа мэдээллээр “бөмбөгдөөд” л байдаг. Гэтэл удалгүй хөрөнгөө босгочихоод “амандаа ус балгасан мэт” алга болчихдог хэмээн эгдүүцэх иргэн бий. Тэгвэл хувьцаа эзэмшигчдийг тогтмол мэдээллээр хангах системд хэрхэн шилжих вэ?

 

“Говь”, “АПУ” зэрэг хувьцаат компаниуд хуулийн дагуу тайлангаа тавьж, засаглалын үнэлгээгээ хийж байгаа. Тэд хувьцааны давуу талыг ойлгосон “сайн” компаниуд гэсэн үг. Гэвч зарим томоохон компаниудын хувьцааг зөвхөн гэр бүлийн хүмүүс нь 100 хувь эзэмших сонирхолтой байдаг. Хувьцаагаа худалдчих юм бол худалдан авсан этгээд компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, ажил хийлгэхгүй гэх ойлголттой яваа нэгэн ч бий. Хүссэн ч, хүсээгүй ч хөрөнгийн зах зээлд 20  жил явж ирсэн компани хөгжлийнхөө дараагийн үе шат руу шилжих зайлшгүй шаардлага тулгардаг. Хувьцаагаа олон нийтэд худалдаж сайн засаглалтай хувьцаат компани болж байж хувьцаа нь нэмэгдэж, түүнийгээ үр хүүхэддээ өвлүүлэх нь үр дүнтэй. Монголд мөнгөө босгоод гадаадад хөрөнгө оруулах ч үр өгөөжтэй.

 

“Нийт хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн нэг хувиас дээш хувьцаа эзэмших юм бол компанийг алдагдалд оруулсан эрх бүхий албан тушаалтнаас хохирлыг шаардах, нөхөн төлүүлэх эрхтэй. Мөн 10-аас дээш хувьцаа эзэмших юм бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Энэ бүхэн хуулинд байгаа боловч компаниуд ойлголт багатай учраас хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж чадахгүй байна. Хувьцаат компаниуд өөрсдийн дураар үйл ажиллагаа явуулж хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдаад байна” гэдгийг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.

 

Мөн тэрбээр “Эрдэнэс таван толгой” компани яах аргагүй 2.5 сая иргэнд хувьцаа тараасан учраас хувьцаат компанийн хэлбэрээр бүртгэгдсэн ч хаалттай хувьцаат компани. Таван толгой ногдол ашиг тараана гэдэг зарчмын зөрүүтэй ойлголт. Гүйцэтгэх захирал нь гарч ирээд ногдол ашиг тараана гэж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Ногдол ашиг тараах нь компанийн ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал. Гэтэл хуулиа мэдэхгүй, ойлгохгүй байгаа учраас дураараа мэдэгдэл хийгээд өөрөө хуулиа зөрчөөд байна. Ингэж толгойг нь угааж болохгүй” хэмээсэн юм.

 

 

ХОЁР: Тэтгэврийн тогтолцоо, Баялгийн сан

 

 

Тэтгэврийн сангийн алдагдал анхаарал хандуулахаас аргагүйд хүрээд байна

 

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтын дараагийн нэг чухал сэдэв нь “Тэтгэврийн тогтолцоо, баялгийн сан” байв. Иргэн бүр баялгийн сангаас хэрхэн хувь хүртэх вэ, баялгийн сангаас бүрдсэн орлогоороо хэрхэн тэтгэврийн сангаа тэтгэх вэ гэдэг асуудлыг эдийн засагчид хөндөж ярилцлаа.

 

Дэлхийн банкны Төсөв, Макро эдийн засгийн газрын эдийн засагч Б.Даваадалай “Монгол улс төрөөс зохицуулсан тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлээд явж байгаа. Тэтгэврийн сангийн алдагдлын асуудал анхаарал татаад байгаа. Тухайлбал 2017 оны байдлаар тэтгэврийн сангийн алдагдал ДНБ-ий хоёр хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл мөнгөн дүнгээр 600 орчим тэрбум төгрөгөөр Улсын төсвөөс тэтгэврийн сангийн алдагдлыг нөхсөн гэсэн үг. Үүнийг төдийлөн анхаарахгүй өнгөрөөгөөд байна. 2012, 2017 онд ажилласан жилийг 1.5 жилээр тооцох, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ниймгийн даатгалыг төлөх, малчдын ажилласан жилийг 1.5 жилээр тооцож, тэтгэврийн насыг таван жилээр урагшуулах гэх мэт шийдвэр нь тэтгэврийн сангийн алдагдалд хүргэсэн” хэмээсэн.

 

30 жил ажиллаж тэтгэвэртээ гарчихаад сард 380 мянган төгрөгөөр амьдрах нь зөв тогтолцоо мөн үү

 

Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бизнес хөгжил эрхэлсэн дэд захирал О.Одбаяр тэтгэвэр ахмадуудын амьдралд хүрэлцэхгүй байгааг өөрийн ээжийн бодит практикт тулгуурлан сонирхолтой байдлаар өгүүллээ.

 

Тэрбээр “Миний ээж 33 жил улсад ажиллаад тэтгэвэрт гарсан. Ээж маань “Сайд нарын хоёрдугаар эмнэлэг”-т тасралтгүй нэг ч өдөр ажлаа таслалгүй ажилласан. Ээжээсээ хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ гэхэд “380 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг” гэсэн. Ажил хийсэн 33 жилийн хугацаанд тэр хүнд ямар ч хуримтлал үүсээгүй. Эмч хүн сарын 380 мянган төгрөгийн хуримтлалтай л үлдэж байгаа юм. Амьдралдаа хураасан хөрөнгө нь гурван өрөө байр л байна. Үнэндээ энэ байр нь одоо манай ээжид дарамт болж байна. Ус, цахилгаан дулааны мөнгө, орцны жижүүрийнхээ мөнгийг төлнө. Тэгэхээр нөгөө 380 мянган төгрөгийнх нь ихэнхи нь эдгээр төлбөрт явчихаж байгаа юм. Хүн юм хойно идэж, ууна. Хэрэв ээж минь үр хүүхэдгүй байсан бол цагаан сараа тэмдэглэж, ач зээ нартаа төрсөн өдрийн бэлэг сэлт авч өгч чадахгүй. Ээж маань машингүй тулдаа л элдэв зардалгүй амьдарч байна. Сэхээтэн мэргэжилтэй хүн 33 жил ажиллаад ард нь ийм л баялагтай үлдэж байна.

 

Тийм учраас Монголын эдийн засгийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй. Баялгийн баялгаас олдож байгаа 23 хувийн ашгийн 10 хувийг хэрвээ нийгмийн даатгалын зөрүү, элдэв нийгмийн халамжинд тараагаад өгчихдөг бол цаад 10-аар нь бусад төрийн албан хаагчдын цалинг тавиад л бидэнд хуримтлал үүсэхгүй байна. Тэгэхээр шийдэл юу байна вэ? Газар доорх баялгаа газар дээрх баялаг болгох ёстой. Гэхдээ 23 хувь биш. Уул уурхайн салбараас олоод байгаа 23 хувийг 50 болгож байж бидэнд тулгараад байгаа, нийгмийн даатгалтай холбоотой, орлоготой холбоотой асуудлыг шийдэх боломж байна. Тодруулбал “Норвегийн тэтгэврийн сан”-аас иргэддээ байгалийн баялгийн орлогоо хэрхэн тэгш хуваарилдаг. Норвеги улсын иргэн бүр жилдээ 25 мянган кроныг тэтгэврийн сангаараа дамжуулж авдаг юм байна” хэмээсэн юм.

 

Сүүлийн жилүүдэд хувийн тэтгэврийн сангууд ихээр байгуулагдаж байна. Тухайлбал “Ард санхүүгийн нэгдэл”-ээс хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулдаг. Иргэн өөрөө тодорхой хэмжээнд хуримтлал үүсгэж хадгалаад, түүн дээр нь хүү бодогдоод дуртай үедээ буцааж авах боломжууд байгааг эдийн засагчид хэлж байна.

 

 

Энэмэтчилэн олон сонирхолтой, үр өгөөжтэй сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Ийнхүү “Хөрөнгө оруулагч үндэстэн” форум гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Чуулганд оролцогчид Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, бизнесийн орчин, санхүүгийн салбарын хууль эрхзүйн нөхцөл байдал, зарим амжилттай бөгөөд сургамжтай туршлагаас хуваалцсан.

 

Мөн иргэдэд санхүүгийн боловсрол олгож, санхүүжилт эрэлхийлж буй бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбосон дүгнэж хэлэхэд хувьцаатай, хөрөнгөтэй хойч үеийг бэлдэхэд чухал ач холбогдолтой чуулга, уулзалт байлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин