Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ
2019-01-24

Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярын өдрийг угтан урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

НЦГ: Нийслэлийн 310 эмзэг цэгийг тогтоон, хяналт тавьж ажиллаж байна

 

 

Нийслэлийн цагдаагийн газраас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Зохион байгуулалтын эхний 20 хоногийн байдлаар 360 гэмт хэргийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 210 этгээдийг илрүүлэн шалгаж байна.  Мөн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй 310 эмзэг цэгийг тогтоон, хяналт тавьж ажиллаж байгаа аж. Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.

 

Тээврийн цагдаагийн алба: Тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна

 

 

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, түгжрэл улам ихэсдэг. Иймд Тээврийн цагдаагийн албанаас болон Нийслэлийн удирдлагууд тээврийн хэрэгслийг улсын дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал нэгдүгээр сарын 26, Хоёрдугаар сарын 2-ны бямба гарагт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрийн ням гарагт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй юм. 

 

2019 оны 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02-ны “БЯМБА” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн,

 

2019 оны 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 03-ны “НЯМ” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

 

Дугаарын хязгаарлалт Саппорогын уулзвараас Таван шарын уулзварын хоорондох зайд үйлчлэх бөгөөд цагийн хязгаарлалт өглөө 10.00-20.00 цагийн хооронд байна.

 

 

НОБГ: Сүм, хийд шашны байгууллагуудыг шалгана

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн онцгой байдлын газраас сар шинийн өдрүүдэд сүм, хийд шашны байгууллагуудад хяналт, шалгалт хийх аж. Нийслэлийн хэмжээнд он гарсаар 260 удаагийн гал түймрийн дуудлага иржээ. Гарч буй гал түймрийн 80 орчим нь гэр орчин, байшин хороололд гарсан байна.Гал түймрийн дуудлага өсөх хандлагатай байгаа тул иргэд золголтоор явахдаа орон байрныхаа аюулгүй байдлыг нягталж, сайтар шалгахыг зөвлөж байна. Сар шинийн өдрүүдэд онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

 

НЭМГ: Сар шинээр зөв зохистой хооллоё

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн өвчлөлийн байдлыг аваад үзвэл томуу, томуу төст өвчин 12 дугаар сарын үед ихэсдэг. Шинэ жилийн баярын дараа өвчлөл огцом нэмэгдэж томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн орны ачаалал найман орчим хувиар нэмэгдсэн байна. Иймд бага насны хүүхэдтэйгээ айл хэсэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриалла. Цагаан сарын баяртай холбогдуулан хоолны хордлого нэмэгддэг. Тиймээс баярын өдрөөр зөв зохистой хооллохыг зөвлөлөө. Баярын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүүд уртасгасан цагаар ажиллах юм байна.

 

НМХГ: Нийтийн эзэмшлийн талбайд ууц, өвчүү чануулахгүй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ. Нийтдээ 200 гаруй байцаагч хяналт шалгалтыг  150 аж ахуй нэгж байгууллага 950 иргэнд хийж 518 зөрчлийг илрүүлж, зөрчлийн 56.2 хувийг арилгуулсан байна. Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнүүдээс хаяг шошгийн зөрчилтэй, хугацаа дууссан зэрэг зөрчил ихээр илэрчээ. Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд иргэд, аж ахуй нэгжүүд ууц, өвчүү чанах үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулдаг. Иймд нийтийн эзэмшлийн гудамж талбайд ууц, өвчүү чануулахгүй байх албан мэдэгдлийг сургууль цэцэрлэг, хороодын Засаг дарга нарт хүргүүлжээ. Зөвшөөрөгдсөн хоол үйлдвэрлэлийн газруудад ууц, өвчүү чанахыг зөвшөөрдөг.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
dandaa sondgoi tootoi n oroltsoh uu?:
Тодруулбал нэгдүгээр сарын 26, Хоёрдугаар сарын 2-ны бямба гарагт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрийн ням гарагт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй юм.
2019-01-24
Yu soliorood bgaan. Dandaa tegsh toogoor tugssun ni oroltsohgui hereg u. Bas yun SAPPORO 5 shar we
2019-01-24