Сар шинийн баярыг угтсан замын хөдөлгөөний зохицуулалт
2019-01-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.  

 

Тухайлбал:

 

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд буюу 2019 оны 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02-ны “БЯМБА” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн, 2019 оны 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 03-ны “НЯМ” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авлаа. 

 

Жич: Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад 10:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүйг анхаарна уу.

 

2. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 26, 27, 02 дугаар сарын 2, 3-ны амралтын өдрүүдээр “Дэнжийн 1000” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Чингэлтэй өргөн чөлөөтэй нийлдэг уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

 

3. Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа зохион байгуулах юм.

 

4. Мөн дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” ОУХТ-ийн чиглэлд их багтаамжийн автобусаар буухиа үйлчилгээг явуулж, “Дэнжийн 1000”, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлийн авто замын хөдөлгөөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний замналд зохицуулалтын арга хэмжээ авахаар боллоо.

 

Иргэд та бүхэн томоохон зах, худалдааны төвөөс гадна нэг цэгийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэх, хязгаарлагдсан дугаартай автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчихгүй байх, тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулахгүйгээр зориулалтын зогсоолын талбайд байрлуулах, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин