Украины шүүх Виктор Януковичд 13 жилийн ял оноолоо

img

Украины шүүх өчигдөр тус улсын экс Ерөнхийлөгч  Виктор Януковичийг "эх орноосоо урван тэрсэлсэн" хэмээн буруутгаж, 13 жилийн ял оноосон талаар "TASS" агентлаг мэдээллээ.

 

 

Тус улсад өнгөрөгч 2014 оны өвөл Майданы хөдөлгөөн өрнөж, үр дүнд нь Виктор Януковичийг төрөөс түлхэн унагаасан юм. Тэрбээр хуулийнхныг гэрт нь ирэхээс урьтаж, ОХУ-ын Сочи хот руу оргон зайлсан билээ. 

 

Янукович ял авахаас болгоомжлон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс цэргийн тусламж авсан нь дээрх яллах гол шалтгаан болсон гэж шүүгч мэдэгдэв. Украины тал өнөөг хүртэл эх орноосоо урвасан Януковичийг шилжүүлэн өгөхийг ОХУ-аас шаардаж буй юм. 

 

Киевийн Оболон дүүргийн шүүгч Владислав Девятко "Виктор Янукович Украин улсын Үндэсний аюулгүй байдлыг онц аюултай байдалд оруулж, эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Түүнийг 30 өдрийг дотор шилжүүлэн өг" гэж мэдэгджээ. 

 

Виктор Янукович баригдсан цагаас ял хэрэгжиж эхлэхийг шүүгч сануулж, нэн даруй ОХУ-ын тал шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч, ялтанг Украинд шилжүүлэн өгөхийг шаардлаа. 

 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко "Экс тэргүүнийг урвагч" хэмээж, "Путинийг гэмт этгээдийг нууж, хамгаалж байна" гэж буруутгаж, зэмлэдэг билээ. 

 

Украин өдгөө хүндхэн байдалд орсон нь Януковичтэй шууд холбоотой билээ. Тэрбээр 2013 оны аравдугаар сард Украиныг Европын холбооны гишүүн болгохоос татгалзсан нь ард түмнийхээ дургүйцлийг хүргэсэн түүхтэй. Тэрбээр Оросын талыг баримтлагч ба Янукович бус ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украиныг удирдаж, колончлох бодлого явуулж байна гэж буруутгадаг. 

 

Тэрбээр улсаасаа дүрвэсний дараахан Оросын талыг баримтлагчид Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоож, удалгүй Донецк, Луганьск гэх мужийг Бүгд Найрамдах улс гэж зарласан юм.  Зөрчил, мөргөлдөөний улмаас 10 мянган хүн амиа алдж, сая гаруй иргэн дүрвэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ