ЗХЖШ: Гар утсаар ярьсан тул 17 байлдагчийг талбайд гаргаж гүйлгэсэн
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч /2019.01.22/ нас барсан хэрэг гараад байгаа. Хэргийн газар дээр Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн дүгнэлтээр:
-Ангийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул байсан
-Ангийн ахлагч сахилгын шийтгэл оногдуулах дүрмийг зөрчсөн
-Эмнэлгийн анхан шатны тусламжийг хожимдож үзүүлсэн гэсэн гурван үндэслэл тогтоогджээ. Иймд шат шатны удирдлагад хариуцлага тооцохоор Батлан хамгаалахын сайдтай ярилцсан тухай ЗХЖШ-аас мэдээллээ.
Талийгаач Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирээд дөрвөн сар болсон. Энэ хугацаанд зодуулж, дарамтлуулдаг байсан тухай Тангарагийн баярын үеэр ээждээ ярьж, “Хурдан аваарай” хэмээж байсан. Мөн энэ талаар ахтайгаа утсаар холбогдон хэлж байсан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэлж байгаа.
Энэ талаар Бригадын генерал Б.Амгаланбаатар "Нэгдүгээр сарын 20-ны өдрийн эмчийн ил биений үзлэгийн тэмдэглэлд ямар нэгэн шарх сорвигүй, гэмтэлгүй гэж бичсэн байна. Өмнө нь үлд гарснаас эмнэлэгт хэвтсэн бүртгэл эмнэлгийн тэмдэглэлд байгаа" гэв.
Мөн "Байлдагчид цэргийн ангийн дотоод журам зөрчсөн учраас гадна талбайд гарч гүйлгэсэн. Байлдагч А гүйж чадахгүй болоод жагсаалаас гарах үед нь "баашиллаа" гээд цохисон асуудал байгаа. Энэ нь үхэлд хүргэсэн эсэхийг Шүүхийн эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлогдоно. Гүйж ирээд байрандаа орж ирсэн нь цагдаагийн байгууллагын хурааж авсан бичлэгэнд байгаа. Хувцасаа өлгөж байхдаа өлгүүрт хүрч чадахгүй байсан тул ахлагч нь түшээд орон дээр суулгасан юм билээ. Түүнээс талбай дээр ухаан алдаагүй" гэдэг тайлбар мэдээллийг өглөө.
Байлдагчид гар утсаар ярьж цэргийн ангийн дотоод журам зөрчсөн тул шийтгэл оногдуулж талбайд гарган гүйлгэсэн аж. Гэхдээ олдсон гар утас нь талийгаачийнх биш өөр байлдагчийнх байжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ