АНУ-ын Засгийн газар “Huawei”-ийн захиралд ял тулгалаа
2019-01-29

БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжуод хэд хэдэн ял тулгасан талаар АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав. 

 

 

Эдгээр ялуудаас хамгийн хүнд нь АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Ираны эрх баригчдад технологийн ач холбогдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэн явдал аж. “Тэрбээр Хонконгт бүртгэлтэй  “Skycom” гэх компаниар дамжуулан дээрх хууль бус наймааг хийсэн” гэж АНУ-ын талаас мэдээлэв.

 

“Skycom” компанийн үйл ажиллагааг “Huawei” компани хянадаг болохыг шалгалтын явцад тогтоожээ.

 

Тус компанийн тусламжтай Иранд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний нийт дүн 100 сая гаруй ам.доллар аж.

 

Мөн “Huawei”  компанийг оюуны өмч зөрчихөөс гадна, АНУ-ын “T-Mobile” компанийн гар утасны эдэлгээг шалгадаг “Tappy” нэртэй робот технологийг хулгайлсан гэж буруутгалаа.

 

АНУ өнгөрөгч сард “Иранд тоног төрөөхөмж нийлүүлснийх нь төлөө Мэн Ванжоуд хамгийн багадаа 30 жилийн ял оноох болно” гэж мэдэгдэж байв.

 

Гэхдээ дээрх хэргүүдтэй “Huawei” ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж, олон улсад шүүхэд гомдол гаргахаа илэрхийлжээ.

 

АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Канадын тал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Ванкувор хотоос Мэн Ванжоуг баривчилсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин