ББСБ-ын зээлдэгчдийн тоо 2.1 дахин нэмэгдэж 233.8 мянгад хүрчээ
2019-01-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Санхүүгийн зохицуулах хорооноос улирал тутам үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны зах зээлийн тоймыг танилцуулдаг ээлжилт хэвлэлийн баг хурлаа өнөөдөр /2019.01.29/ хийлээ. Хэвлэлийн бага хуралд Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн, Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун нар оролцов.

 

Монголд 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байна

 

2018 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн зах зээлд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийт байгууллагын дийлэнх нь буюу 91.1 хувь нь зээлийн үйл ажиллагааг дагнан болон хавсран эрхэлж, 8.9 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг дагнан эрхэлж байна.

 

Нийт хөрөнгийн хэмжээ нь жилийн эцсийн байдлаар 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 32.5 хувиар өссөн байна.

 

2018 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 36.1 хувиар өсөж, 868.5 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 96.5 хувийг төгрөгийн, 3.5 хувийг валютын зээл эзэлж байгаа бол 86.6 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.6 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. 2017 онд салбарын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 12.7 байсан бол 2018 онд уг үзүүлэлт 3.1 нэгжээр буурч, зээлийн чанар сайжирчээ.

 

ББСБ-ын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж 233.8 мянгад, харин нийт харилцагчдын тоо 1.6 саяд хүрчээ. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой гэж албаныхан дүгнэж байна.

 

27 хадгаламж зээлийн хоршоо огт хадгаламж татаагүй

 

2018 оны жилийн эцсийн байдлаар СЗХ-ноос олгосон хадгаламж, зээлийн тусгай зөвшөөрлийн эрхтэй 279 хоршоо байгаагаас 63 хувь нь Улаанбаатар хотод, 37 хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

 

ХЗХ-ны нийт хөрөнгийн хэмжээ 2018 онд 200.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 30.7 хувиар өссөн байна. Нийт ХЗХ-дын 90.3 хувь буюу 252 нь нийт 141.5 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 9.7 хувь буюу 27 нь огт хадгаламж татаагүй байна. Нийт хадгаламжийн 98 хувь нь хугацаатай хадгаламж бусад хоёр хувь нь хугацаагүй хадгаламж эзэлжээ.

 

ХЗХ-ны салбарын нийт цэвэр ашиг 2018 онд 5.4 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн онтой харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин