Дараагийн томилогдох “хоёрдугаар хүн” намаа бус төрөө бодож ажиллаарай
2019-01-30

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоход 1.5 жил үлдээд байгаа ч эрх баригч хүчин МАН тэртээ 2016 оны ялалтын уухайтай зэрэгцэн ирсэн эрх мэдэл, албан тушаалын бялуугаа булаалцалдсаар байна. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд төдийгүй ирэх өдрүүд ч эрх мэдлийн төлөө “амь хайргүй тэмцсэн”  он жилүүд байх нь. Үүнийг Засгийн газраа өөрчилж, УИХ-ын даргаа огцруулж, дараагийн даргын томилгоо яригдаж байгаагаар өнөөдрийн дүр зураг тодоор илчилнэ.

 

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргаар томилох эрхмийг тодруулж, УИХ дахь бүлэгтээ хүргүүлнэ. УИХ дахь МАН-ын бүлэг шийдвэрээ гаргаад УИХ-аар хэлэлцүүлэн томилно. Ер УИХ-ын даргыг томилох нь эрх баригчдын мэдлийнх. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг дотроо “60 тэрбум”, “ЖДҮ”-чдээрээ хуваагдаж, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулаад ч эвлэрч, нэгдэхээсээ нэгэнтээ өнгөрсөн.

 

Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн хүнээ УИХ-ын даргаар томилуулахаар оруулж ирнэ гэж ажиглагчид харж байгаа.  Сүүлийн жилүүдэд УИХ-ын даргаар намын дарга нь томилогдож ирсэн бичигдээгүй уламжлалыг  МАН ч давтсан. Харин энэ удаад дээрх “уламжлал” давтагдахгүй. МАН-ын экс даргаа албан тушаалаас нь огцруулсан УИХ-ын гишүүн бус У.Хүрэлсүхэд  парламентыг удирдах эрх дутна. Хэрвээ өнгөрсөн намар УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулаад, ялалт байгуулан, парламентад орж ирсэн бол ч өнөөдөр асуудал өөрөөр эргэх байсан нь тодорхой.

 

За энэ ч яах вэ, өнөөдрийн хөрсөн дээр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй төдийгүй Ерөнхийлөгчтэй тэрсэлдээд байхгүй, намын үүрэг даалгаврыг парламентад гүйцэтгээд явах хууль тогтоох байгууллагын тэргүүнд томилуулах эрхмүүдийн нэрс эхнээсээ яригдаад байгаа. УИХ-ын даргад Шадар сайд Ө.Энхтүвшингийн нэр түлхүү яригдаж байгаа юм.  У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаар ХХААХҮ-ийн, ЗТХ-ийн сайдаа чөлөөлж, огцруулж, дараагийн сайдуудыг томилоод байгаа. Намрын чуулганы эхэнд томилогдсон ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал УИХ-д мөн яригдаж байна. БСШУС-ын сайдыг мөн чөлөөлж, дараагийн сайдын томилогоо хийгдээгүй байна. Тиймээс УИХ-ын даргыг Засгийн газрын танхимын гишүүдээс томилвол орны хүнийг томилох албан тушаалын томилгоо үргэлжлэх нь.

 

БХ-ын сайд Н.Энхболд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын нэр дараагийн УИХ-ын даргад гарч байгаа. Гэхдээ дээрх эрхмүүдэд  хариуцсан салбарт хугацаат  цэрэг амиа алдсан, өмнө УИХ-ын дарга хийж байгаа хууль засч огцорсон гээд хусаад ч арилахгүй “хар толбо” дагалдаж байгаа юм.

 

Түүнчлэн УИХын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Сү.Батболд мөн яригдаж байна. Нэр цэвэр явж байсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр  ЖДҮ-чдэд багтсан болохоор Удирдах зөвлөлөөсөө дэмжлэг авах байтугай өөрийнхөө нэрийг татах нь арай дөнгүүр, өнөөдрийн улс төрийн нөхцөлд. С.Бямбацогтын тухайд өмнөх Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан, намын даргынхаа эсрэг фракцын эрхэм. Хэрвээ М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын дунд тохироо явагдаагүй л бол спикерээр томилуулах үндэслэл бага. Тиймээс одоогийн байдлаар томилогдох магадлалтай эрхэмд Ө.Энхтүвшин, Сү.Батболд нарын хэн нэг дараагийн УИХ-ын даргаар томилогдох магадлалтай гэж ажиглагчид харж байна.

 

Хуулиараа “Улсын Их Хурлын дарга нь гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” Үүнд:

 11.1.1. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;

 11.1.2. ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах;

 

 11.1.3. энэ хуулийн 11.3-т заасан Зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох;

 

 11.1.4. Ерөнхийлөгч, Засгийн газартай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцах;

 

 11.1.5. Засгийн газрын үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас тавих хяналтыг зохион байгуулах;

 

 11.1.6. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас тавих хяналтыг зохион байгуулах;

 

 11.1.7. Улсын Их Хурлын төсвийн тухайд төсвийн ерөнхийлөн захирагчид хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

 

 11.1.8. Улсын Их Хурлыг гадаад, дотоодод төлөөлөх;

 

11.1.20.Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөс баталсан тов, дарааллыг харгалзахгүйгээр төслийг чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэр гаргах гээд хуульд заагдсан бүрэн эрхийг эдэлдэг, ҮБАЗ-ийн гишүүн.  Ер нь УИХ-ын даргаар хэн ч томилогдсон парламентат засаглалыг бэхжүүлж, хуулиа дээдлэх нь нэн тэргүүний үүрэг.

 

Гэвч улс төрийн өнөөдрийн нөхцөлд шинэ спикер хуулийн дагуу УИХ-аас батлагдсан хууль, тогтоолын хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газартаа өгч, нөгөө талаас МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврыг парламентад хэрэгжүүлэх нэгэн байх хуулийн болоод хуулийн гадуурх эрх үүргийг гүйцэтгэхээр байна.

 

Тиймээс УИХ-ын даргаар хэн ч томилогдсон намаа бус төрөө дээдэлж ажиллаарай.

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Nym dorjooc ondoo xun baimaar daa
2019-01-30
Lhkagva:
Su Batbold U Enhtuvshin 2 iin neg zugeerdee
2019-01-30
МАН ын хулгайчид ЖДҮ чдыг хамгаалагч, хууль засагч Нямдоржоо УИХ ын даргаар томилох нь. Дахин МАНАН ийн бүлэглэлийг ЖДҮ чдын бүлэглэлээр солигдох нь дээ.
2019-01-30
Nym dorjooc ondoo xun baimaar daa