Ч.Хүрэлбаатар: 120 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэх шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв. Тэрбээр:
-Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулахаар Засгийн газрын тогтоол гаргалаа. Нийтдээ уул уурхайн баялгийг хилийн зургаан боомтоор дамжин экспортод гардаг. Энэ зургаан боомт дээр рентген тоног төхөөрөмж суурилуулахаар боллоо. Хилээр гарч байгаа нүүрсийг рентгенээр шалгахад холбогдох тоног төхөөрөмж хангалттай бус байдаг. Хилээр гарч байгаа автомашиныг хянадаг цахим тогтолцоог бүрдүүлнэ хэмээн мэдээлэв.
Мөн 808 мянган хүнд 120 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг маргааш өглөөнөөс олгож эхэлнэ. Өнгөрсөн 2017 онд НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтоор 630 мянган иргэн 77.8 тэрбум төгрөг авч байжээ.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Татварын Ерөнхий газрын даргыг хэзээ томилох вэ?
-Өнөөдөр ТЕГ-ын даргыг чөлөөлсөн шийдвэр гаргасан.Төрийн албаны хуулиар сонгон шалгаруулалт явуулна. Тэр хооронд тухайн байгууллагаас түр орлон гүйцэтгэгчийг томилно.
-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санал их гарч байна. Бас сугалаа явуулахад хүртээмжгүй байна гэсэн шүүмжлэл байгаа?
-Татварын багц хуулийн хэлэлцүүлгийг хийхэд энэ асуудлыг нэлээд ярьсан. НӨАТ-ын системийг нэвтрүүлэхдээ Тайваниас авсан туршлага байгаа юм. Татварын багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд есөн сар болж байна. Гэтэл одоо болтол хэлэлцэн батлаагүй. Үүн дээр буцаан олголтыг улирал тутамд олгохоор заасан. Ер нь энэ хуульд НӨАТ-ыг шинэчлэх зүйл нэлээд бий. Тиймээс хоёр хувийн буцаан олголт цааш үргэлжилнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ