З.Энхболд: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлаар харзнасан байр суурьтай байна
1-31

12:35цаг

 

УИХ-ын чуулганы үдээс өмнө хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг сонсож, гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ. 

 

                   З.Энхболд: Ерөнхийлөгч ЖДҮ-тэй холбоотой асуудлыг шүүмжилж байгаа

 

11:50 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг сонслоо. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Өнөөдөр УИХ-д Ерөнхийлөгч тайлангаа тавьж байна.  Энэ нь зөв жишиг гэж бодож байна. Ерөнхийлөгч намрын чуулганы нээлт дээр системийн шинэчлэлийн талаар хөндсөн. Би үүнийг дэмжсэн. Сүүлийн үед чимээгүй боллоо. Би УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн гишүүн. Ерөнхийлөгчийн зүгээс үүнийг дэмжиж байна уу. ЖДҮ-тэй холбоотой асуудлыг би эсэргүүцэн шүүмжилж байгаа. Ерөнхийлөгч энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? ҮБАЗ-ийн гишүүнийг чөлөөлөх асуудал ярихад ҮАБЗ хуралдаж, нэг өдрийн дотор огцруул гэдэг шийдвэр гаргасан. Одоо ҮАБЗ-ийн гишүүнийг томилох гэж байна. ҮАБЗ хуралдах уу?

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-1992 оноос хойш Үндсэн хуулиа барьсаар ирсэн. Өөрчлөлт хийнэ гэдэг бодлого хэвээрээ. УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөөд харзнасан байдалтай байгаа.

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх асуудлаар УИХ-ын гишүүд давуу эрх эдэлж болохгүй, эрүүгийн хэрэг үүсгэж байгаа учир ерөнхий прокурортой УИХ хэлэлцээд яв гэсэн байр суурьтай байгаа.

 

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга н.Гансүх:

 

-ҮАБЗ тухайн өдөр болсон жагсаал цуглаантай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар ярьсан. Үүнтэй холбоотой УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих нь зөв гэж шийд гарсан. ҮАБЗ-ийн гишүүний томилгоотой холбоотой хуралдах шаардлага байхгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-УИХ-ын даргын томилгооны талаар УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн байсан хүний хувьд ЕТГ-ын дарга ямар зарчим барьж байна вэ? Засгийн газрын гишүүнээс томилох нь зөв үү?

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-УИХ-ын дарга энд сууж байгаа 75 хүний нэг болно. Гэхдээ заавал эрэгтэй хүн гээд байхгүй, эрэгтэй, эмэгтэй хүний нэрийг хэлэлцвэл гарц шийдэл олоход амархан болно. 

 

                      Ерөнхийлөгч гадаад бодлогод идэвхтэй үйл ажиллагаа барьж байгаа

 

11:20 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг сонслоо. Чуулганы хуралдаанд ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгч 11 шүүгчийг ажлаас нь чөлөөлж, ҮАБЗ-ийн тэргүүний хувьд ҮАБЗ-ийн хуралдааныг 6 удаа хуралдуулж, 15 санал гаргаж, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд анхаарч, гадаад бодлогод идэвхтэй үйл ажиллагаа барьж ажилласан байна.

 

                                             Я.Санжмятав: Сошиалаар ажил хийхгүй

 

10:30 цаг

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргалаа. Гишүүн О.Баасанхүү "Гол гол асуудлаа ярьж, цэгцлээч ээ."Эрдэнэт" үйлдвэр 1.2 сая төгрөг сар бүр төлөөд яваад байна шүү.  Энэ асуудлыг УИХ хэлэлцэх хэрэгтэй.  Цэргийн амь эрсэдсэн талаар мэдээлэл авмаар байна. 10 сая төгрөгний үнэтэй амь гэж юу байх вэ?" гэсэн бол гишүүн Д.Тогтохсүрэн "Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар дахин хэлэлцье гэсэн юм. Тиймээс үүнийг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс хойшлуулах санал гаргаж байна" гэв. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ардын намыг албан тушаалын төлөө шөнө өдөргүй алалцаж байх хооронд хөдөөгүүр сонгогчидтойгоо уулзаж яваад ирлээ. Малын хулгай хийсэн хүн 10 хоног албадан ажил хийлгэх шийтгэлтэй байгаагаас гаарч байна. Тиймээс ялын бодлогын талаар хэлэлцэх хэрэгтэй гэж байна. 

 

Анагаах төгссөн хүмүүс эхний ээлжинд хөдөө ажиллах ёстой гэсэн тушаал гаргасан. Хөдөөнийхөн туршилтын туулай биш, энэ тушаалаа эргэж хар гэж байна. Улсын аварга малчин шагналыг эхнэрт нь өгдөг байсныг яагаад болиулчихав. Салбарын сайд энэ асуудлаа шийд гэж байна" гэх мэтээр сонгогчдынхоо захиасыг уламжиллаа. 

 

Ийнхүү гишүүд горимын санал хэлсэнтэй холбогдуулан гишүүн Я.Санжмятав "Хуулийн хүрээнд ажлаа хийцгээе гэдэгтэй санал нэг байна. "Эрдэнэт"-ийн 51 сая ам.доллартай холбоотой асуудал сошиалаар өнөөдөр яригдлаа. Сошиалаар ажил хийхгүй. Эрдэнэт үйлдвэр 1.2 сая төгрөг төлөөгүй. Ямар ч байсан АТГ, цагдаа, мөрдөн байцаах газрынхан эрчимтэй, нарийн ажилласан. Үр дүн нь ч гарлаа. Шүүхээр шийдвэр гарсны дараа хэлэх хэрэгтэй. Гэмт хэргийг мөрдөж байх явцад гаднаас оролцсон гэсэн нэр зүүнэ" хэмээв.

 

Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа. 

 

Үүний дараагаар Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэж эхлэв. 

Н.Эн

Shuud.mn
Сонин хачин