Агаарын бохирдлыг багасгахад ДРОН тусална
2019-02-01

Тайландын нийслэл Бангкок хотноо агаарын бохирдол АЮУЛТАЙ түвшинд хүрч, иргэд хүндхэн нөхцөлд амьдарч байна. 

 

 

Уг үйл явдалтай холбогдуулан эрх баригчид өчигдөр нийслэл хотноо үйл ажиллагаагаа явуулах сургууль, цэцэрлэгийг нэг долоо хоногийн хугацаанд хаах шийдвэрийг гаргасан юм.

 

Тэгвэл агаарын бохирдлыг бууруулахын тулд өнөөдрөөс дрон ашиглаж эхэлсэн гэж "globalnews.ca" сайт мэдээллээ.

 

Эдгээр дронууд зүгээр ч нэг дрон биш гэнэ. Дронууд ус шүршдэг бөгөөд хамгийн их агаарын бохирдолтой бүсэд нислэг үйлдэх аж. 

 

Эхний ээлжинд 10 литр ус тээн нисэх чадвартай  ус шүршдэг таван дроныг нислэгт гаргасан ба удалгүй уг тоог нэмэхээр төлөвлөжээ. 

 

Хотын дарга Асвин Кванмуанг "AFP" агентлагт "Ус шүршдэг дронууд агаарын бохирдлыг бууруулна хэмээн найдаж байна. Бид агаарын бохирдлыг бууруулахын тулд бүхий л бололцоогоо ашиглана" гэж ярив. 

 

Нийслэл хотноо өнгөрөгч сард агаарын бохирдлын хэмжээг бууруулахын тулд зориудаар бороо оруулах, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин