Хавдрын эсрэг үндэсний аян120 мянган хүнийг үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ
2-1

 

Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдээд байна шүү гэдэг дохио сануулгыг өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран сүүлийн найман жилийн хугацаанд хэрэгжүүлж ирлээ. Энэ бол “Хавдрын эсрэг үндэсний аян” билээ. Энэ хугацаанд  аяны багийнхан 72,440 км зам туулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилласан бөгөөд нийт 120 мянга гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, 596 яаралтай мэс ажилбар хийж,  эрүүл аз жаргалтай амьдрал бэлэглэсэн юм. Мөн тус аяны хүрээнд 10,000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна. Аяныг хамтран хэрэгжүүлэгч, ХААН Банк Сангийн хувьд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлж, орон нутгийн 2,700 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн болгож, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

 

 

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд жил бүрийн 2-р сарын 4-нд тохиодог Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж хэвшсэн бөгөөд аяныг хэрэгжүүлэгч талууд өмнөх жилийнхээ аяны үр дүн, тайланг олон нийтэд мэдээлж, өдөрлөг зохион байгуулдаг билээ. Мөн энэ үеэр олон нийтийг хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээллээр хангах, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд уриалахад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулсан юм. Өнгөрсөн 2018 онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны эмч мэргэжилтнүүдийн баг ходоодны хорт хавдар хамгийн өндөртэйд тооцогддог баруун гурван аймаг болох Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллаж, нийт 5,100 гаруй иргэнийг хавдраас  урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах, сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад банкны ажилтнуудыг хамруулах болон ард иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах ажилд анхаарч ажиллажээ. 

 

 

Өдөрлөгийн үеэр ХААН Банк Сангаас “Та хавдраас урьдчилан сэргийлж чадна!” сэдэвт фэйсбүүк, твиттер сошиал постын уралдааны ялагчдыг зарлаж, амласан ёсоор эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамрагдах 500, 300 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийг гардууллаа.

 

 

Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд аяны үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байдаг билээ. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 2019 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хамтрагч талууд шийдвэрлэсэн бөгөөд аян хэрэгжих аймгуудыг сонгохоор судалгаа хийж байгаа аж.

 

Та, бид хавдраас урьдчилан сэргийлж чадна!

Shuud.mn
Сонин хачин