Зорчих эрхийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг хойшлуулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019-02-02

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Уг хуулийн төслөөр "Зорчих эрхийг хязгаарлах" гэсэн заалт амьдралд нийцэхгүй байгаагаас хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулах саналыг оруулж ирж байгаа юм. Учир нь уг хуулийг хэрэгжүүлэхэд техникийн нөхцөл бүрдээгүй гэж үзжээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариулсан юм. 

 

Гишүүд дээр хуульд өөрчлөлт оруулснаар амьдралд хэр нийцэх талаар салбарын сайдаас тодруулж, байр сууриа хэлж байлаа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "УИХ-ын Дэгийн хуульд өөрчлөлт оруулмаар байна. Бид юуг түрүүнд хэлэлцэх вэ, ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. УИХ хууль батлаад байдаг, амьдралд хэр хэрэгжиж байна вэ. Энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй" гэсэн юм. Гишүүн Ж.Батзандан "Зөрчил хянан шийдвэрлэх явцад эрүүгийн процесс хутгалдсан байгаа. Тиймээс эрүүгийн болон захиргааны процессоо салгах ёстой гэж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил ялын шинэ төрлийг бий болгосон. Албадан хөдөлмөр эрхлэхийн Тустай хөдөлмөр эрхлэх гэж өөрчилсөн. Дэлхийн улс орнуудад хүний байршил байтугай малынхаа байршлыг хүртэл тогтоогоод байгаа. Дотоодын компаниуд дээрээ түшиглэж энэ асуудлыг шийдэх ёстой  хэмээлээ. 

 

УИХ-ын О.Баасанхүү:

 

-Нэгэнтээ тоног төхөөрөмж байхгүй гээд хойшлуулахаас өөр арагүй нөхцөл үүсэж байна. Техник тоног төхөөрөмж нь 9 сая ам.доллар гээд үнэтэй ч  байна. Тэгээд ч 1.5 сая ам.метр хавтгай дөрвөлжин квадратад яаж хянах вэ?  Ял хэлэлцэх гэдэг ойлголт байгаа. Хоёр  сэжигтнийг  хооронд нь мөргөлдүүлэх байдлаар мэдүүлэг өгөх гэдэг. Өнөөдөр хэрэгт орооцолдвол хамтран ажиллах гэрээ байгуулж, бусдыгаа гүтгэж ял өгч байна. Сул талыг нь өөрт нь давуу тал болгож ашиглаж байгаа. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас гадна Зөрчлийн хууль гэдэг ярвигтай асуудал байна. Дээрээс нь Өмгөөллийн хуулийг яаралтай оруулах хэрэгтэй. Өмгөөлөгчийг нь барьцаалах байдлаар ажиллаж байна. Тийм учраас энэ хуулиудаа янзална шүү. Би хэлэлцэж байгаа асуудалтайгаа шууд холбоотойгоор ярьж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Би энэ хуулийн төслийг дэмжихгүй. Нэг хуулийг гэрийн хорионд байлгахын төлөө хэдэн сая төгрөг зарцуулах юм. Энэ хуулийг өнөөдөр татаж байгаа юм байна. Цаашдаа ч ярих шаардлагагүй. Нүүдлийн соёл иргэншлийг суурин соёл иргэншилтэй уяхаа болих цаг болсон. Монгол Улсад өөрсдийн соёл, бодлогоо алдаад байгаагийн хар гайгийн нэг энэ 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Энэ бол шинэ ялын төрөл. Монголд хэдий нүүдлийн соёл иргэншилтэй ч гэсэн хойш сууж болохгүй. Анх удаа хэрэг хийсэн хүнийг гэрийн хорионд байлгах нь зөв. Шоронд суулгачихаар бүүр муу зүйл сураад гарч ирж байна. Тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг тухайн багийнхаа нутаг дэвсгэрт байлгахыг хэлж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх нь гэмт хэргийн гаралтыг бууруулах ач холбогдолтой. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Малын хулгайн гэмт хэргийн ялыг чангаруулах асуудал дээр сайд анхаараач ээ. Энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хүнийг суманд, зөвхөн гэрийнх нь хашаанд явах гавыг нь зүүж өгдөг бололцоог үүсгэ. Энэ бол хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Гавнаасаа чөлөөлөгдөхийн тулд хохирлоо заавал баригдуулан байх ёстой. 

 

Дараагаар нь Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Санал хураалтаар гишүүдийн 76.5 хувийн саналаар уг төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин