Монгол “фэспо” үзэсгэлэнд зочин орноор оролцож байна
2019-02-02

Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж буй “ФЭСПО” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа зочин орноор оролцож байна.

 

Үзэсгэлэнг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар үг хэлэв. Швейцараас Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд “ФЭСПО” үзэсгэлэн чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа төлөөлөгчид илэрхийлэв.

 

 

Цюрих хотноо жил бүр зохиогддог энэхүү үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 600 гаруй компани Швейцар, Германы өмнөд хэсэг, Австри, Италийн хойд хэсэг зэрэг бүс нутгийн иргэдэд өөрсдийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа бөгөөд Швейцарын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн юм.

 

 

“Сүүлийн 10 жилийн хугацаанд Ази тивээс зочин орон оролцоогүй бөгөөд Монголыг зочин орноор оролцож байгаад туйлын баяртай байна. Чингис хааны нутаг руу аялахыг миний бие тэсэн ядан хүлээж байна” гэж тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч Штефан Амштад дурдав. Түүнчлэн, “монголчууд дэлхийн талыг эзэлж байсан түүхтэй бөгөөд энэхүү нүүдэлчид хүн, байгалийн амин холбоог домог болгон үе дамжуулан үлдээж, хөөмий, уртын дуугаараа амьдралын гүн ухаан, ард түмний онцлогийг илэрхийлж ирсэн” гэж тэрбээр тэмдэглэлээ.

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо,  Монголын 14 тур оператор компани Женев дэх Элчин сайдын яамтай хамтран тус арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин