Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах байгууллагууд
2019-02-04

Сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах байгууллагуудын мэдээллийг хүргэж байна. 

 

Эмнэлгийн үйлчилгээг 11-323002 утсанд мэдэгдээрэй

 

Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тухайлбал 3 р шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байна.


Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй санал хүсэлтийг 11-323002 утсанд авч шийдвэрлэнэ.

 

 

 

Баярын өдрүүдэд 1132 цагдаа үүрэг гүйцэтгэнэ

 

Цагдаагийн байгууллага өнөөдрөөс /2019.02.04/ эхлэн 11-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

 


Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулалт хийж ажиллаж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албаны 530 алба хаагч, нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэл хотын хэмжээнд, улсын болон орон нутгийн чанартай авто замд орон нутгийн цагдаагийн байгууллагын 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллана.


Алба хаагчдаас нийслэл хотын хэмжээнд нийт 240 гаруй уулзвар болон гэр хороолол, орон сууц дундах замуудыг хяналтдаа авч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.


Ганцхан жолоочийн сахилга, хариуцлагагүй буруу үйлдлээс шалтгаалж тухайн гудамж, замын хэсэгт зохиомол ачаалал, түгжрэл саатал үүсэхээс гадна Улаанбаатар хотын бусад замын нэвтрүүлэх чадварыг бууруулахад нөлөөлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирч зам тээврийн осол гарах шалтгаан болдог тул замын хөдөлгөөний дүрмээ баримталж, бусдад хүлээцтэй хандан Та-Би-Та зарчмаар соёлтой хөдөлгөөнд оролцохыг тус албанаас зөвлөж байна.


Түүнчлэн тус албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг үеийн холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Авторадио FM96,3, Мэдээллийн радио 88,8, MGL102,1, Шинэ долгион 107,5, МҮОНР Хурд агентлаг, Гэр бүлийн радио 104,5, Kiss радио 100,1 хамтран ажиллах ба олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлж ажиллана.

 

Мэргэжлийн хяналтын 7012-8012 утсанд хандаарай

 

Сар шинийн баярын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага бэлэн байдалд ажиллана. Шаардлагатай тохиолдолд нийслэлд 7012-8012 дугаарт,  аймгуудад тухайн орон нутгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт шуурхай хандаарай.

 

 

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. 

 

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

 

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.

 

Үүнд:

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах,

 

– ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах,

 

– Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах,

 

-Сар шинийн баяр, амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн алба хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх,

 

-Баярын өдрүүдэд үзвэр үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж, томоохон худалдааны төвүүдэд гамшгийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах,

 

-Төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах,

 

-Баярын өдрүүдэд орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбогдуулан “Авто замын засвар, арчлалт”-ын компаниуд, Хэв журам сахиулах албатай хамтран зорчигчдын аюулгүй байдлыг хангах ажиллах зэрэг үүргийг өглөө. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин