Хурдан морины уралдааны үеэр хүүхэд гараа хөлдөөсөн асуудлыг нууж байна
2019-02-11

Хэнтий аймгийн Биндэр суманд болсон хурдан морины уралдаанд морь унаж уралдсан бага насны хүүхэд хоёр гараа хөлдөөсөн тухай мэдээллийг нэгэн иргэн цахим хуудсанд байршуулжээ.

 

 

Энэ талаар тодруулахад хүүг сар шинийн баярын өдрөөр саахалтын айлд золгохоор морь унаж яваад гараа хөлдөөсөн тухай ойрын эх сурвалж хэлж байна.

 

Харин тус сумын удирдлагууд “Энэ өвөл манай суманд хурдан морины уралдаан болоогүй” гэдэг хариултыг өгсөн юм. Гэвч өөр нэгэн баттай эх сурвалж “10 гаруй хоногийн өмнө Биндэр суманд уралдаан болсон. Гэхдээ үүнийг ихэд нууцалж байгаа” гэх мэдээллийг өглөө.

 

Цахим хуудсанд анхлан мэдээлэл оруулсан С.Амгалан гэх иргэн "Хүмүүс уралдааны мэдээллийг нууж дарагдуулаад өнгөрүүлдэг. Иймэрхүү пост оруулсан хүн нь буруутан болдог шүү гэж ойр дотныхон нь сануулсаар байна. Уяачдаас над руу залгаж дарамталж заналхийлээд байгаа болохоор утсаа авахаас ч халгах боллоо" хэмээжээ.

 

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгаад байгаа билээ.

 

Уг тогтоолыг зөрчиж уралдаан зохион байгуулсан, түүнийгээ нуун далдалж буй эсэхийг тогтоохоор энэхүү асуудлыг Хүний эрхийн үндэсний комиссоос шалгаж эхэлсэн байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Өмнөх жилүүдэд хурдан морины уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан. Зарим тохиолдлоос дурдвал;

 

  • Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын морин спорт уяачдын холбооноос 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн;

 

  • “Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг хүйтний улиралд буюу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаснаас 1 хүүхдийн гарны шуу хэсэг, 1 хүүхдийн хөлний шилбэ хэсэг хугарсан;  

 

  • Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн уралдааныг “Засагт ханы хурд -2017” уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид оролцож их нас, азрага, соёолон, эрлийз 4 насны нийтдээ 460 орчим хурдан морьдыг давхардсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсоноос 3 хүүхэд мориноос унасан;

 

  • Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд морьноос унаж, 3 хүүхэд толгойдоо хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын яс цуурсан;  

 

  • Дорноговь аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд “Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулсан азарга, их нас, соёолон 3 насны морь уралдаанд 2 хүүхэд морьноос унасан;
  •  
  • Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 16 хоногийн дараа нас барсан;

 

  • Сүхбаатар аймагт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдааныг зохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол тус тус гарсан.

 

ХЭҮК-оос улс, бүс, аймаг, сумын наадам болон хүйтний улиралд хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал дахин давтагдсаар байгааг тухай бүр анхааруулж ирсэн. Гэвч дахин хурдан морины уралдааны үеэр хүүхэд гараа хөлдөөсөн асуудлыг уралдаан зохион байгуулагчид нуугаад өнгөрөх гэж буй нь харамсалтай.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Ганбямба бас тэр сумын дарга гэж нэг усан толгой дээд газрынхаа шийдвэрийг ч мэддэггүй лаларууд байна л даа
2019-02-11