Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
2019-02-15

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонслоо.

 

 

2017 оны дөрөвдүгээр сараас хойш Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ.

 

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, УБХ, УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Б.Ламжав, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл болон Н.Лувсанжав, Г.Чулуунбаатар, Ц.Сарантуяа, Б.Гүнбилэг, П.Амаржаргал, О.Мөнхсайхан, О.Машбат, Д.Гангабаатар нарын зэрэг эрдэмтэн судлаачид үг хэлж, санал бодлоо илэрхийллээ.

 

Тэд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хойшлуулалгүй, зэрэгцүүлж хийх, олон нийт, эрдэмтэн судлаачдын санал нийлж байгаа, түлхүү дэмжлэгтэй цөөн, гол асуудалдаа төвлөрөх, нэмэлт өөрчлөлт хийх үзэл баримтлалаа нарийвчлан тодорхойлох, ажлын хэсгээ өргөтгөж, бусад намууд, иргэд, байгууллагын оролцоог хангах, улмаар үндэсний болон улс төрийн зөвшилцлийн хэмжээнд өөрчлөлтөө хийх, үйл ажиллагаагаа УИХ-ын тогтоол гаргаж эрчимжүүлэх, байнгын тасралтгүй ажиллагааг хангах, 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа хөндөхгүй байх, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлж бэхжүүлэх, туйлшрал, улстөржилт, популизмаас аль болох ангид байх зэрэг саналыг хэлж байлаа.

 

Тэдний хэлсэн үг, дэвшүүлсэн санал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зайлшгүй, өнөөг хүртэл хийсэн ажлаа зогсоолгүйгээр тууштай үргэлжлүүлж, улс төрийн эр зориг гаргах нь зүйтэй гэдэгт чиглэж байна.

 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ Ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намууд саналаа багцалж, албан бичгээр ирэх 7 хоногт багтаан УИХ-д ирүүлэхийг хүслээ.

 

Эдгээр санал, ажлын хэсгийн бэлтгэсэн төслийн хувилбарыг хамтатган шүүн тунгаах замаар эцэслэн боловсруулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хийж чадахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүй эс үйлдлийнхээ төлөө хожим түүхэн хариуцлага хүлээж болзошгүй гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Өөрчлөх шаардлага буй болсон нь тодорхой?! Зоригтой өөрчлөлт хийх шаардлагатай?! Шүүх прокурорыг ганцхан ард түмэн сонгодог өолгох нь зөв?! Бусдыг нь бол бага.зэргийн өөрчлөлтөөр хийж болно?! Хуучин гэгдэх одоогийн мөрдөж буй хуулийн үзэл баримтлал, суурийг их өөрчлөхгүйгээр засвар оруулах нь зөвөө?! Шуурхай зоримог хөдлөх хэрэгтэй?!
2019-02-16
Ж.Энхбаяр:
Одоогийн энэ парламентийн бүрэлдэхүүн ҮНДСЭН ХУУЛЬ-ийн өөрчлөлтийг хэлэлцэх ёс зүйн эрх байхгүй,тэгээд ч ажлын хэсгийн ахлагч нь очиж очиж Д.Лүндээжанцан шүү...
2019-02-15