Татварын багц хуулийн хэлэлцүүлэг боллоо
2019-02-18

Гэрэл зургийг MPA.mn

Татварын багц хуулийн төслийн тухай хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Татварын хуулийн шинэчлэлд “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “ААНОАТ-ын шинэчилсэн найруулгын төсөл”, “ХХОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Дагалдах бусад хуулийн төслүүд” багтсан юм.

 

Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарч, сайн татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримталсан өөрчлөлтүүдийг оруулсан.

 

Хэлэлцүүлэгт оролцогсод хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авав. МЭХ-ноос иргэдийн саналыг тусгаж өгөх хүсэлтийг тавьж байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ хуулийн төслөөр тодорхой хэмжээний санхүүгийн сахилга хүлээх ёстой гэж үзээд дэнчингийн мөнгө тавьж байгаа. Татвар төлөх ёстой. Янз бүрийн торгуулиа бас төлөх ёстой. Гэтэл аль болох татвараа төлөхгүй байх арга хэмжээг авч, арга эв олдог, танил тал ихтэй хүмүүсийн нөхцөл байдлыг зогсоох заалт оруулж ирсэн” гэлээ.

 

МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав "Энэ хуулийн төсөлд 27 жил явсан процессийг томоор нь хараарай. Үндсэн хуулийн цэцэд холбогдох асуудал шийдэгдсэн. Тухайлбал, маргаан таслах, хамааралтай этгээдийн асуудал дээр тодорхойлолт байгаа. Ажлын хэсгийнхэн ҮХЦ-ийн дүгнэлтийг  хуулиа боловсруулахдаа хараарай. Татвар өөрөө өмчөөс нь өмч тасалж авдаг учраас эмзэг асуудал. Тиймээс татварын орлогын эрхзүйч нартай тулж ажиллаарай. Татварын багц хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ гэж ойлгож байна" хэмээв. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин