Гамшгийг зарлан мэдээлэх тоног төхөөрөмж гардууллаа
2019-02-20

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

Тус төв нь улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдлийн мэдээ, мэдээллийг хүлээн авч дүн шинжилгээ, үнэлгээ хийх, удирдлагад мэдээллийг хүргэх, хүч хэрэгслийг зохион байгуулах, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах, гамшгийн нөхцөл байдлаас хамаарч зарлан мэдээлэх үйл ажиллагааг бүх нийтийн буюу хэсэгчилсэн байдлаар зохион байгуулахад өдөр тутмын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг юм.

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг харилцаа холбооны бүх төрлийн хэрэгслээр нэн даруй хүргэнэ гэж заасан байдаг.

 

Тиймээс гамшгийн аюулын зарлан мэдээллийн системийг өргөтгөх ажлын хүрээнд сансрын холбооны сүлжээгээр олон сувгийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч “Монголсат Нэтворкс” ХХК-тай хамтран ажиллахаар инженер, техникийн ажилтнуудын уулзалтыг зохион байгуулж, техникийн шийдэл, холболт, туршилтын ажлын талаар санал солилцлоо.

 

 

Уулзалтын үеэр “Монголсат Нэтворкс” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх зориулалт бүхий тоног төхөөрөмжүүдийн багцыг гардуулан өгсөн юм.

 

Энэхүү хиймэл дагуулын тоон телевизийн хүлээн авагч төхөөрөмжийн тусламжтайгаар зарлан мэдээллийг орон даяар хүргэх боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин