Хадгалах уу, хувьцаа худалдаж авах уу?
2019-02-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Хувьцаа, хөрөнгийн зах зээл гэхээр хүмүүс асар баян хүмүүсийн оролцох ажил мэт ойлгож нүдээ аниад чихээ таглаад өнгөрөх нь бий. Үнэндээ хувьцаа гэдэг таны ирээдүйдээ хөрөнгө оруулж буй явдал юм.

 

“Түмэн шувуут түмнийх боллоо” л гэнэ, “Ард IPO гаргалаа” л гэнэ. Гэвч үнэндээ эдгээрийг Баянхошууны Бат ойлгоогүй л яваа. Хувьцааг Нарантуул дээр лангуу түрээслэдэг, ТҮЦ-д кофе зардаг бүр гутал засвар ажиллуулдаг хүн ч худалдаж авах боломжтой. Тэгээд компанийн хувьцаа эзэмшигч болж, ирээдүйд их хэмжээний ашиг олж  болно.

 

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг эргэн сөхвөл 2001 онд анх компаниуд бондоо арилжиж эхэлсэн байдаг. 2005 оноос хувьцаат компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгох буюу  арилжаалж эхэлсэн бөгөөд өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд 19 компани зах зээлд IPO хийжээ.

 

IPO гэдэг үгийг сонсоогүй, хувьцааны талаар мэдэхийг хүсээгүй өнгөрүүлсэн Монгол хүн цөөнгүй бий. Тэгвэл IPO гэдэг нь тухайн компани олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, хөрөнгө босгож байгаа үйл явцыг хэлдэг. Харин хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн ногдол ашиг хүртэх үйл явц.

 

2011 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж 2 их наяд төгрөгт хүрч байв. Харин 2017 онд 2.3 их наяд төгрөгт хүрч байсан бол өнгөрөгч 2018 онд энэ үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрч хамгийн их “ургац” хураасан жил байлаа гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлсэн.

 

Ингэж зах зээлийн үнэлгээ өсөхөд дотоодын үйлдвэрлэгчид IPO гаргасан болоод иргэдийн зах зээлд хөрөнгөө оруулж, хувьцаа худалдаж авсан үйл явц чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл иргэдийн лизингдэх хүсэл бус хувьцаа худалдан авч амьдралдаа хөрөнгө оруулах “ухаалаг” шийдвэр нэмэгдсэн гэсэн үг.

 

Мөн 2018 онд хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд хоорондоо арилжаа хийж, арилжааны үйл явц 2017 онд 78 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 2.7 дахин өсч 210 тэрбум төгрөгийн арилжааг хөрөнгийн зах зээл дээр хийжээ. Хөрвөх чадварын хувьд өнгөрсөн 2017 онд 3 хувиар илэрхийлэгдэж байсан бол 2018 онд 8 болж, хөрвөх чадварын индекс сайжирчээ. Хөрвөх чадвар гэдэг нь иргэд худалдаж авсан хувьцаагаа хоёр дахь зах зээл дээр хоорондоо арилжаалах явдал. Энэ бол иргэдийн эдийн засгийн оролцоо сайжирч, зах зээлд суралцаж буйн өгөөж юм.

 

Өмнө нь жилд 2-3 компани IPO хийхэд их л баярладаг байсан. Тэгвэл 2018 онд таван компани шинээр IPO гаргасан нь сүүлийн жилд тохиогоогүй хөрөнгийн зах зээлийн ахиц дэвшил байлаа хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн хэлсэн. Тэгвэл 2019 он гарсан даруйд хоёр компани IPO хийсэн нь мөн л ахиц дэвшил гэж эдийн засагчид харж байна.

 

Залуучууд “iphone” гар утасны сүүлийн загварыг нь худалдаж авах гэж банкнаас зээл авч байна л гэдэг. Гэтэл зарим залууст банкнаас зээл авч ирээдүйгээ барьцаалахын оронд хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн болжээ. Иймд хувьцааны ач тусыг энгийнээр тайлбарлахыг хичээе. 

 

Хувьцаа гэж юу вэ?

 

 

ХУВЬЦАА: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үндсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.

 

ХУВЬЦААГ эзэмшсэний дараа бий болох эрх, үүргийн хүрээнд энгийн болон давуу эрх бүхий хувьцаа гэж хоёр ангилна.

 

ЭНГИЙН хувьцаа: Эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, компани ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн үед ногдол ашиг авах эрх бүхий үнэт цаас юм. 1072 хувьцаа нь энгийн хувьцаа юм.

 

Үүнийг бүр энгийнээр тайлбарлавал та мөнгөөрөө компанид хөрөнгө оруулалт хийнэ. Түүнээсээ ашиг хүртэнэ гэсэн үг. Жишээгээр тайлбарлавал би дөнгөж компани байгуулаад бизнесээ эхлүүллээ. Гэтэл надад 10 сая төгрөг л байдаг. Компаниа өргөжүүлж ашиг олоход надад ахиад 90 сая төгрөг олох шаардлага тулгарав. Энэ мөнгийг олохын тулд би компанийнхаа хувьцааг 9 хүнд арилжаалж хүн бүрээс 10 сая төгрөгийн хөрөнгө татлаа. Ингээд би компаниа 10 хуваагаад 10 хувийг нь өөртөө авч үлдээд 9 хувийг нь бусад хүмүүст өгчихсөн.

 

Бизнес маань өргөжин тэлж хоёр жилийн дараа компани маань 200 сая төгрөгийн үнэлгээтэй боллоо. Энэ үед хувьцаа худалдан авсан хүн бүрийн 10 хувь нь 20 хувь болон өсч нэг ширхэг хувьцааны үнэ 2 сая төгрөгт хүрэв. Надад хөрөнгө оруулж, миний бизнесийг дэмжсэн дээрх 9 хүн маань одоо зах зээлд хувьцаагаа арилжаалж 100 хувь ашиг олно гэсэн үг.

 

Тэгэхээр хувьцаа ашигтай юу гэвэл ашигтай. Банкинд хадгалуулж дусалхан хүү бодуулж авснаас ирээдүйд их амжилт олох компанид мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж хувьцаа аваад түүнийгээ хэд дахин үржүүлж авах нь хэн хэндээ ашигтай.

 

Дахин тайлбарлахад хувьцаа худалдаж авна гэдэг тухайн хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө хэмжээгээр тухайн компанийг эзэмшиж, ирээдүйн орлогоос нь ашиг хүртэнэ гэсэн үг. Тиймээс хувьцаа худалдаж авахаасаа өмнө тухайн компанийн үйл ажиллагаа, өргөжин тэлэх боломж нөхцлийг сайтар судалж “ирээдүйтэй” компанид хөрөнгө оруулах нь чухал юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Xuvitsaa xog:
Xuvitsaa bol xog,xogiin luivar ium bna lee shyy,noogdol ashig ni 1 tygreg ch xyrehgyi ashig ogdog ium bna lee,xeseg xymyysiin amar amidarah zali ium bna lee,bankind mongoo xadgslsan ni deer shyy
2019-02-22
ок:
Одоохондоо монголд хувьцаа аваад баталгаа байхгүй.Ашиггүй ажиллаа гээл гүйцээ.Бүх юм хууль бус.
2019-02-22
huvitsaa vaad yahav dee. ih delguur shig ashiggui geed olon jil ashigaa uguhgui bol demii biz dee. bankind munguu hiivel sard heden tsaas nemegdene sdee
2019-02-22
Зочин:
Ашиггүй ч байж болно. Ноогдол ашгаа тараахгүй дараа дараагийн жилдээ хөрөнгө оруулалт болгоод ашиглаад яваад байж ч болно. Ашгийн хэмжээ дахин хуваарилахааргүй бага байж ч болно. Эсвэл тухайн компани дампуурч болно. Бизнесийн бүх түвшинд эрсдэл байдаг тэр бүхнийг судалж байж ямар компаний хувьцаа авахаа сайн судалж шийдэхийн тулд иргэдийг эхлээд энэ талын мэдлэгтэй болгох нь зөв. Зөвхөн танд л ашигтай мэт нэг талыг барьсан ухуулга хийж болохгүй.
2019-02-22
Tsogo:
Гэхдээ хүмүүс хувьцаа авснаар бас дандаа ашигтай байхгүй буюу алдагдалтай байж болох эсрдлийг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас хадгаламж, зээлийн хоршооны эмгэнэлтэй түүх давтагдах вий.
2019-02-21
МОНГОЛ ҮГ ОЙЛГОЛТ БАЙСААР АТАЛ IPO ЭНЭ ТЭР ГЭЖ МАЯГЛАХАА БОЛЬ.ЭНЭ СЭТГҮҮЛЧ" ӨӨР ШИГЭЭ " ХҮМҮҮСИЙГ ҮНЭЛЖ ДОРОМ БАЙДЛААР БИЧИХЭЭ ЦААШДАА БОЛЬЧИХ ЗА ЮУ.
2019-02-21