Долоон настай хүүг дайрч хөнөөсөн этгээдэд тэнсэн харгалзах ял оноожээ


Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хэрх” тосгонд 2017 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагийн орчимд зам тээврийн осол гарч долоон настай хүү амь насаа алджээ. Гэтэл энэ хэрэг хоёр жилийн турш шийдэгдэхгүй явсаар шүүхээс ослын буруутанд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Үүнийг эсэргүүцэж хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Хохирогчийн ээж Н.Оюунцэцэг “М.Мөнхтулга гэгч этгээд хүүг маань дайрч, 50 метр газар чирж амь насыг нь хохироосон. Хэргийг мөрдөн байцаагч Мөнхсүх хүлээн авч шалгасан ч мөрдөн шалгах ажиллагааг хэт удаан явуулснаас хэрэг шийдэгдэхгүй хоёр жил боллоо. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд автомашинд мөргүүлсний улмаас тархинд цус харвалт үүссэн. Түүнээс үхэлд хүргэх ужиг эмгэг өвчингүй байсныг бичсэн байдаг. Гэтэл Мөнхсүх байцаагч Эрүүл мэндийн төвийн дарга Лхагвадоржоор тархины усжилтаас үүссэн тархины саа саажилт оноштойгоор эмнэлгийн хяналтад байсан нь үнэн гэсэн хуурамч бичиг гаргуулж авсан. Хүүг маань мөргөчихөөд зогсохгүй 50 метр газар чирсэн. Хүү маань тав хоног ухаангүй ГССҮТ-д хэвтээд нас барсан” гэв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мөнхтулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангид хамрагдах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.3-т зааснаар ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хуулийн ерөнхий ангийн 7.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан тэнсэх ял оноожээ.
Үр хүүхдийнх нь амь насыг хохироож нөхөж баршгүй хохирол амсуулсан хэрэгтэнд тэнсэн харгалзах ял оноож, хөнгөн гэмт хэрэг гэж үзсэнд гомдолтой байгаагаа хохирогчийн ар гэрийнхэн хэллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ