С.Эрдэнэ: АН ШХАБ-д элсэхийг дэмжихгүй

ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустай. Энэ байгууллагад элсэх эсэх асуудлаар улстөрчид байр сууриа илэрхийлсээр байгаа. Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
-АН ШХАБ-д элсэхийг дэмжиж байна уу?
-Өнөөдөр твиттер, фэйсбүүк хуудсанд “ШХАБ-д элсвэл Монголд ашигтай мэтээр ярьсан” ойлголт, ярилцлагыг явуулж байна. Миний хувьд энэ ярилцлагыг эрт өгч байлаа. ШХАБ-д элсвэл сайн болоод муу тал нь ямар байх вэ? гэдгийг ярьсан. Энэ бичлэг дээр сайн тал нь ямар байх, ямар боломжтой байх хэсгийг нь таслаад оруулсан байна лээ.
Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болоогүй гэсэн байр суурийг би өнөөдөр илэрхийлж байна. ШХАБ-д Монгол Улс элсэх нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд оновчтой зөв санал санаачлага гэж харахгүй байгаа. Тийм учраас би ШХАБ-д элсэх асуудлыг дэмжихгүй байр суурьтай байгаа.
АН-ын хувьд асуудалд анхааралтай хандаж байгаа. АН ШХАБ-д элсэх асуудлыг анхааралтай судалж байна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл өөрсдийн улс төрийн байр сууриа тодорхойлно. АН-ын даргын хувьд өнөөдрийн энэ цаг үед Монгол Улс ШХАБ-д элсэх нь эрт байна. Хоёрдугаарт ямар ч судалгаа, дүн шинжилгээ хийсэн зүйл алга байна. Энэ чиглэлээр мэргэшсэн дипломат, хуулийн мэргэжлийн хүмүүсийн санал, санаачлага тодорхой болоогүй байна. Тиймээс ШХАБ-д элсэхийг дэмжихгүй.
-ШХАБ-ыг цэрэг зэвсгийн эвсэл, нөгөө талаас эдийн засгийн нэгдэл гэж хардаг. Монгол Улс ямар нэг эвсэлд нэгдэн орохгүй байр суурьтай байдг. Энэ талаар?
-ШХАБ-д элсэн орж байгаа нь ямар нэг эвсэлд нэгдэн орж байгаа хэлбэрийг харуулна. Яагаад гэвэл ОХУ ШХАБ-ыг цэргийн эвсэл талаас, Хятад улс санхүү, эдийн засгийн томоохон бүлэглэл маягаар хардаг. Хоёр хөршийн ойлголт хүртэл өөр өөр байна. ШХАБ-д элссэн орнуудыг харахаар ардчилал, хүний эрхийг дээдэлсэн улс бол зөвхөн Энэхэг байна. Бусад нь тоталитари дэглэмтэй улс байна. Тэнд элссэн цөмийн зэвсэгтэй хоёр улс зөрчилдөөд эхэллээ. Энэ байдал нь дотоод үйл ажиллагааг хэрхэн нөлөөлөх вэ. Монгол Улс аль нэг эвсэлд орсноор гуравдагч хөрш улс орнууддаа ямар үнэлгээ авах вэ. Асуудлыг маш сайн судалж, хөдөлшгүй судалгаа, нотолгоон дээр суурилж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.
-ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа хүмүүс эдийн засгийн нөхцөлийг хараад байх шиг?
-Би Хятадын эдийн засгийн коридор буюу ямар нэг хөтөлбөр, төсөлд хамрагдахын тулд өөрөө зөв бодлого биш. Угаасаа ч тийм шаардлага тавигдсан гэдэгт итгэхгүй байна. Бид хоёр хөрш, бусад улс орнуудтай эдийн засгаараа хамтарч ажиллаж болно. Аль нэг эвсэлд элсээгүйгээс ямар нэг төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжоо алдана гэж харахгүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ