Х.Булгантуяа: Гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирвэл давуу тал, боломж байгаа

“Тинк банк 2019” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуягаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Эдийн засгийн өсөлт иргэд, аж ахуйн нэгжид мэдэгдэхгүй байна. Тоон үзүүлэлтээс илүү чанарт анхаарч хүртээмжийг бий болгох хэрэгтэй гэж байна. Сангийн яамнаас энэ талаар ямар бодлого барьж байна вэ?
-Үүнтэй уялдуулж барьж байгаа хамгийн том бодлого бол Татварын багц хууль. Өнгөрсөн 2018 оны хавар УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөл жижиг, дунд бизнес рүү чиглэсэн, тайланг энгийн болгосон. Өнөөдөр аж ажуйн нэгжүүд банкинд очоод зээл авах гэхээр татварын өртэй, тайлангаа буруу үйлдсэн зэрэг асуудал гардаг. Манай улсын хувьд жижиг аж ахуйн нэгж 80 хувийг эзэлдэг. Энэ аж ахуйн нэгжүүдийг дундаас том руу оруулахад бид тайланг хөнгөвчлөх, татварын системийг боловсронгуй болгох нь чухал. Бизнесмэнүүд зээлийн хүүг бууруулж, бичиг цаас, зөвшөөрлийг багасгах хэрэгтэй байна гэж хүсдэг. Ихэнх цагаа бичиг цаастай хөөцөлдөж, дарга нарын үүд сахихад зарцуулж байна гэдэг.
Мэдээж, эдийн засаг өсөх нь бизнесүүдийн давуу талыг бий болгодог. Уул уурхайн салбарт нэг ажлын байр бий болоход бусад салбарт 10 ажлын байр бий болдог гэдэг. Уул уурхайн өсөлт, уул уурхай руу орж байгаа хөрөнгө оруулалт бүхий л салбарт нөлөөлдөг үзүүлж байгаа.
-Гадаадын банкийг оруулж ирэх нь өнөөдөр цаг үеэ олсон шийдвэр биш. Бид илүү эрсдэл хүлээнэ гэж зарим эдийн засагчид хэлж байна. Үүнтэй санал нэгдэх үү?
-Мэдээж эрсдэл бол байгаа. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг УИХ нухацтай хэлэлцэж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал банк, санхүүгийн салбарт маш том өөрчлөлт гарна. Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр байгаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулаад ирвэл асуудал шийдэгдэнэ гэж үзэх хэсэг байна. УИХ үүн дээр анхааралтай хандаж, зөв хэрэгжүүлвэл давуу тал, боломж байгаа. Иргэдийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл зээл авна гэсэн ташаа ойлголттой байж магадгүй. Аж ахуй нэгжүүд рүү хөрөнгө оруулалтаа хийгээд явах байх.
-Манайд өнөөдөр хичнээн гадаадын хөрөнгө оруулалттай банк үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд манайд гадаадын банкууд салбараа нээгээд ажиллаж байна. Төлөөлөгчийн газраа ажиллуулсны дараагаар салбараа нээдэг. Одоогоор хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны тоог заагаагүй. Хуульд нийцсэн байвал гадаадын хөрөнгө оруулалттай банкууд орж ирж болно. Үүн дээр Монголбанкнаас шаардлага тавьдаг.
-Өнгөрсөн жил ОУВС-гийн хөтөлбөрөөс орж ирэх мөнгө дутуу олгогдсон. Энэ онд санхүүжилт бүрэн орж ирэх үү?
-ОУВС-гийн хөтөлбөр үнэлгээ хийгээд Удирдах зөвлөлийн хурлаараа оруулдаг. Өнгөрсөн оны үнэлгээ 2019 оны эхний улиралд хийнэ. Ингэснээр өнгөрсөн оны үлдэгдлээс 400 орчим сая ам.доллар дүгнэлт гарсны дараагаар орж ирнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ