Сайжруулсан шахмал түлш: Эрэлт ихтэй ч, илч муутай
2019-02-25

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, түлэхийг хориглосон. Түүхий нүүрсэнд “баяртай” гэж хэлэхэд гурван сарын хугацаа үлджээ.

 

Нийслэлийн 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа гэдгийг албаныхан хэлсэн. Үнэхээр Монголчуудын сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байгаа утаа арилж л байвал төр засгийнхаа шийдвэрийг дэмжинэ гэх хүмүүс олон байна.

 

Улаанбаатарын хэмжээнд “Цайз” болон “Хангай” захад бизнес эрхлэгчид төвлөрч түүхий нүүрсийг худалдан борлуулдаг. Налайх, Багануур дүүргийн уурхайгаас портер машинаар нүүрс тээвэрлэн хотод оруулж ирэн дээрх хоёр зах дээр зогсон борлуулж түүгээрээ амьдралаа залгуулдаг олон хүн бий.  Нэгэнт Засгийн газрын шийдвэрээр ирэх тавдугаар сарын 1-нээс нүүрс оруулахгүй тул тэд ч зарах боломжгүй болно. Хүссэн хүсээгүй сайжруулсан шахмал түлшийг борлуулах л нөхцөл үүсч таараа. Нүүрсний наймаачид Засгийн газрын шийдвэрийг хэрхэн хүлээн авч буйг сонирхохоор СХД-т байрлах “Хангай” захыг зорьсон юм.

 

Ц.Батхишиг: Сайжруулсан шахмал түлшний талаар ямар ч ойлголт алга

 

 

“Хангай” захад 10 жил нүүрсний бизнес эрхэлж буй Ц.Батхишигтэй ярилцлаа.

 

-Тавдугаар сарын 1-нээс нүүрс худалдан борлуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр гарсан. Та энэ талаар сонсов уу?

 

-Сонссон. Төр засаг нэгэнт түүхий нүүрс заруулахгүй гээд хавчаад эхэлвэл сайжруулсан шахмал түлшийг нь авч зарна даа. Гэхдээ тухайн түлшний чанар сайн уу муу юу, иргэдийн хэрэгцээг хангаж, сэтгэлд нь нийцэх үү гэдэг бас л асуудалтай. Хэрэв авсан түлш нь гэрийг нь ч олигтой дулаацуулахгүй, асахгүй байвал иргэд биднийг л буруутгана. Ямартай ч бид борлуулалтаа хийнэ.

 

-Сайжруулсан шахмал түлшийг ямар үнэ ханшаар худалдан авч хэрхэн худалдан борлуулах талаар үйлдвэрүүдтэй уулзаж, ярилцсан болов уу?

 

-Одоогоор бол бидэнд сайжруулсан шахмал түлшний талаар ямар ч ойлголт алга. Зах дээр нэг ч удаа ирж тэр түлшээ танилцуулсангүй. Тэр сайжруулсан шахмал түлш гээч юмыг нь бид нэг ч удаа нүдээр хараагүй. Чихээр л сонсож байна.

 

-Түүхий нүүрс зарахаа болиод сайжруулсан шахмал түлш борлуулж эхэлснээр таны бизнест ашигтай эсхүл алдагдал талаар эдийн засгийн тооцоолол хийж үзэв үү?

 

-Бидний өнөөдрийн борлуулж байгаа энэ Багануурын нүүрс нэг портерийн тэвшинд 1 тонн 600-700 орчим багтдаг. Харин Найлайхын нүүрс портер нь 1 тонн 200-300 хэмжээтэй. Үүнийг 150-180 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Харин шахмал түлш бол хүнд. Шахмал түлш нь  1 тонн 150 мянга гэсэн. Тэгэхээр бидэнд алдагдалтай. Гэхдээ үйлдвэрээс 150 мянган төгрөгөөр гарч байгаа юм уу эсхүл энд ирээд эцсийн хэрэглэгчдээ хэдэн төгрөгөөр хүрч байгааг мэдэхгүй байна. Бид нар хүний юмыг зүгээр борлуулна гэж байхгүй. Тийм учраас ашигаа хараад л зарах нь тодорхой.

 

-Хүссэн хүсээгүй түүхий нүүрс заруулахгүй. Тэгэхээр сайжруулсан шахмал түлшийг бэлтгэж нөөцлөх зайлшгүй шаардлага тулгарна. Та хэзээнээс нөөцлөх бодолтой байна вэ?

 

-Тавдугаар сарын 1-нээс цаг агаар дулаарах тул иргэд тэр бүр нүүрс худалдан авах нь багасдаг. Гэхдээ эргээд намар борлуулах нүүрсээ бид ханш унасан үед буюу хавар их хэмжээгээр базаадаг. Түүхий нүүрсийг хориглох сургаар шахмал түлшний компаниуд зах дээр олон жил ажилласан, хувьдаа 2-3 портертай хүмүүстэй гэрээ хийж байна гэсэн. Гэхдээ миний хувьд бол уулзаж, харилцаж үзээгүй байна.  

 

Тавдугаар сарын 1-нээс нүүрс түлүүлэхгүй, худалдахыг ч хориглох тул сайжруулсан түлш үйлдвэрлэх, нөөцлөх ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж эхэллээ гэсэн. Гэвч бодит байдал дээр бизнес эрхлэгчид шахмал түлш нөөцлөх нь бүү хэл барааг нь ч хараагүй, хаанаас хэрхэн худалдан авч борлуулах талаар ямар ч ойлголтгүй байгаагаа хэлж байна.

 

Одоогоор шахмал түлш үйлдвэрлэдэг хувийн болоод хувьсгалын 10 гаруй компани бий. Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 11 компани нэгдэж, “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийг байгуулсан. Мөн “Тавантолгой түлш” ХХК төрийн нэрийн өмнөөс шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Эдгээр компаниуд бүгд MNS-5679-2014 стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх учиртай. Ингэхдээ ухаа худгийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг ашиглана хэмээн гэрээнд заажээ. Гэрээний хүрээнд компаниуд нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулахаар тохиролцжээ.

 

Д.Бат-Эрдэнэ: Нэг шуудай шахмал түлшээр 4х5 харьцаатай байшинг халааж дийлэхгүй байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сонгинохайрхан дүүргийн тодорхой цэгүүдэд сайжруулсан шахмал түлшийг борлуулж байсан. Гэвч нөөц бэлтгэх гэсэн шалтгаанаар борлуулалтаа зогсоожээ. Тиймээс уг түлшийг авч хэрэглэж үзсэн өрх тун цөөн байна.

 

СХД-ийн 27 дугаар хорооны оршин суугч Д.Бат-Эрдэнэ “Арванхоёрдугаар сарын сүүлчээр сайжруулсан шахмал түлшийг сонирхоод авч хэрэглэж үзсэн. Илч, чанарын хувьд их муу санагдсан. Манайх 4х5 хэмжээтэй байшинтай. Гэсэн ч нэг шуудай шахмал түлш түлэхэд байшинг халааж дийлэхгүй байна лээ. Ойролцоогоор хоёр шуудай шахмал түлш түлж байж байшин бүхэлдээ дулаацаж, ердийн хэмтэй болсон шүү. Тэгэхээр түүхий нүүрсийг бол өдөрт 1 шуудайг түлэхэд хангалттай хүрэлцдэг. Харин сайжруулсан шахмал түлшийг хоёр шуудайг түлээд хүрэхтэй үгүйтэй байна билээ. Тиймээс илч, чанарын тал дээр илүү анхаармаар юм уу гэж бодсон.

 

Нэг шуудай түүхий нүүрс 3000 төгрөгийн үнэтэй. Харин шахмал түлшний нэг шуудай нь 3500 төгрөг. Таван зуун төгрөгийн илүү үнэтэй хэр нь илч дутуу тул хэн ч түүхий нүүрсээ л хэрэглэхийг бодно шүү дээ. Утааны хувьд шахмал түлшнээс бага гардаг юм билээ. Гал асах үед бага зэргийн утаа гараад тэгээд л утаа гарахгүй нь сайхан. Шахмал түлшнийхээ чанар, илч тал дээр анхаарчихвал төр засгийн шийдвэрийг дэмжихэд буруудах юм алга” гэв

 

Мөн нам даралтын зуухыг сайжруулсан шахмал түлш халааж дийлэхгүй байгааг иргэд учирлаж байна. Энэ удаад иргэдийн болоод нүүрсний бизнес эрхлэгчдийн байр суурийг хүргэлээ. Үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, нөөц бэлтгэх ажил хэрхэн явагдаж буйг сурвалжлах болно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улсад татвар төлөхгүй утааг үйлдвэрлэгч энэ чэнж таван толгой түлшэд ажилд ороод ажил хий.
2019-11-14
зочин:
шахмал түлш маш сайн түлш бнлээ худлаа муулах хэрэггүй
2019-11-13
Тавантолгойн ажилтан:
Тавантолгойн нүүрс илчгүй гэж хэнээс дуулав малуудаа. Шатаж үхэх дөхдөг юм. Ямар сайндаа өвлийн хүйтэнд хаалгаа дэлгээд унтах вэ. Маш багаар хийхэд бүтэж үхэх дөхнө. Өмнөговьчуудаас асуу. Мэдэх нэгэн нь мэднэ
2019-02-25
зочин:
төслийн зуух хайлуулах юм биш биз дээ. Одоо зарж эхэлсэн нь дээр блгүй.нөөцлөөд бхаар. Дулаартал бас нүүрс авах хэрэгтэй болно. Алийг нь авна да
2019-02-25
зочин:
шахмал түлшийг төслийн зууханд түлэх судлагаа бна уу.зуух хайлах юм биш биз дулаартал дахиад нүүрс авах хэрэгтэй болно.Алийг нь авна даа
2019-02-25
zochin:
erduu ilch bhgvi yum bn lee,baishin bol hvitend halahgvi hulduhuur yum bn lee
2019-02-25
Зочин:
Шахмал түлш нь 12*8 харьцаатай 2 давхар байшинг халааж дийлэхгүй байна шүү дээ яах юм бүү мэд
2019-02-25
yamar ch hereggui hog
2019-02-25
ok:
ene bol zugeer heden humuusiin biznes l yumdaa
2019-02-25