АНУ-д суух Саудын Арабын Элчин сайдаар ГҮНЖ томилогджээ
2-25

АНУ-д суух Саудын Арабын Элчин сайдаар анх удаагаа эмэгтэй хүн томилогдсон талаар "www.france24.com" сайт мэдээллээ.

 

 

Гүнж Рима Бинт Бандар Аль-Сауд эх орноо төлөөлөн АНУ-д суухаар болсон байна. Тус улсын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн Элчин сайдаар томилогдож буй юм. 

 

Элчин сайдаар томилогдоод буй гүнжийн эцэг 1983-2005 онд АНУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байжээ.

 

Гүнж олон жил Вашингтон хотноо амьдарч, "Жорж Вашингтоны" их сургуулийг Музей судлалын чиглэлээр боловсрол эзэмшсэн нэгэн аж. 

 

Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч ба 2005 онд нутаг буцсаныхаа дараа хүйсийн эрх тэгш байдлын төлөө тууштай тэмцжээ.  Мөн хорт хавдрын эсрэг аян зохион байгуулж, ард түмнийнээ дунд АЧТАН ГҮНЖ хэмээн нэрлэгддэг аж. 

 

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманыг АНУ-ын "Вашингтон Пост" сонины тоймч, Саудын Арабын иргэн Жамаль Хашоггийн амийг хөнөөх захиалга өгсөн хэмээн олон улс буруутгаж буй юм. Гэхдээ алуурчин нэртэй холбоод буй ханхүүг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хамгаалсаар байна. Учир нь хоёр улсын дунд асар их өртөгтэй зэвсгийн наймаа хийгддэгтэй холбоотой.

 

Саудын Арабыг сэтгүүлчийн үхэлд буруутгаж буй энэ үед гүнж АНУ-д суухаар болсон нь олны анхаарлыг ихээр татаж, дарамт шахалт нэмэгдэнэ хэмээн үзэж байна. 

 

НҮБ, сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан тусгай комисс гаргасан билээ. Тус комисс ирэх оны НҮБ-ын чуулганы үеэр мөрдлөгийнхөө тайланг нийтэд танилцуулна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин