Олны анхаарал татсан НОЦТОЙ хэргүүдийн явц
АТГ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр сүүлийн үед олны анхаарал татсан хэд хэдэн хэргийн талаар мэдээлэл өглөө.

Хорих ангид сэжигтэн нас барсан хэргийн талаар:
ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байсан хуульч Л.Бямбаа хорих ангид нас барсан хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон гэж мэдэгдээд буй юм. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.
Түүнийг АТГ-аас Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан аж. Хуулийн байгууллагаас тухайн ордыг эзэмшигч болон ашиглагч компанийн хоорондын маргааныг шалгаж байх явцад их хэмжээний авлигын хэрэг илэрсэн байна. Авлигын хэргийг шалгахад нэр бүхий хүмүүст хээл хахуул өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдож, АТГ-аас талийгаачийг сэжиглэн баривчилсан байна. Тодруулбал, талийгаачийг хээл хахуул өгсөн хэрэгт хамтран оролцогчоор сэжиглэн шалгаж байжээ.
Мөрдөх байгууллагаас талийгаачийн ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийж, эд мөрийн баримтыг хураан авсан байна. Энэ баримтдаа үндэслэн тухайн хүнийг сэжигтнээр баривчилж, 48 цагийн хугацаанд хорьсон байна. Харин 48 цагийн хугацаа дуусч, авахаар очиход харамсалтай хэрэг болсон байсныг АТГ-аас мэдээлэв. Цаашид гэм буруутай этгээдүүдийг олж тогтоох ажиллагаа явагдах аж.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нарын талаар:
Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг АТГ-т шалгаж байна. Шүүгч нарын 2012-2017 оны ХОМ-ийг шалгасан байна. Шалгалтын явцад нэр бүхий шүүгч нар хөрөнгөө мэдүүлээгүй, зөрүүтэй мэдүүлсэн, эх үүсвэрийг тайлбарлаагүй байсан аж. Тиймээс гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөж шалгаж байна. Мөн тэдний албан үүргийг түдгэлзүүлж, шалгах боломж олгох хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг байцаасан талаар:
Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т очиж байцаалт өгсөн. Тэрбээр Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өгснөө хэлсэн юм. Энэ талаар АТГ “Ерөнхийлөгчөөс ерөнхий прокурорт хандан зарим асуудлыг шалгуулахаар баримт материал гаргаж өгсөн байна. Тухайн асуудал нь өмнө нь манай байгууллагад хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан хэрэг. Материалыг хүлээж аваад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан” гэх мэдээллийг өгөв.
Мөн Тавантолгойтой асуудлаар “Тавантолгойгоос нүүрс хууль бусаар олборлосон, хулгайд алдагдсан гэх үндэслэлтэй хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн газраас олборлосон нүүрсний хэмжээ зөрүүтэй байгаа. Энэ тоо хэмжээг тогтоолгохоор нарийн мэргэжлийн шинжээч томилох ажиллагаа явагдаж байна” гэв.
Экс Ерөнхий сайд нарын хэргийн талаар:
Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн тавдугаар сард батлан даалтад гаргаж, тэдэнд хилийн хориг тавьсан. Тэднийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй. “Олон улсад илгээсэн даалгавруудын хариу ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд нэлээн ахиц гарсан. Боломжит хугацаанд хэргийг шийдвэрлэнэ” гэсэн мэдээллийг АТГ-аас өгөв.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ