Уйгарчуудыг тамлан зовоож буй Бээжин бодлогыг араб ханхүү зөвтгөв
2019-02-25

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман энэ оны анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа Азийн гурван улсад хийлээ. Тэрбээр Пакистан, Энэтхэг болон БНХАУ-д айлчлаад өдгөө эх орондоо ирээд буй юм. Ханхүүгийн айлчлалын сүүлчийн зогсоол БНХАУ-ын нийслэл Бээжин хот байсан ба тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзах үеэрээ Шинжаан Уйгарчуудын эсрэг явуулж буй Бээжингийн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн талаар "www.telegraph.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Бээжинг сая гаруй уйгарчуудыг шалтгаангүйгээр баривчлан, тамлан зовоож байна хэмээн НҮБ, тэргүүтэй олон улсын байгууллагууд эр буруутгаж буй юм. 

 

Насанд хүрсэн уйгарчуудын "ДНК" зэрэг хувийн мэдээллийг цуглуулж, эрх чөлөөг нь ноцтой зөрчдөг юм. 

 

Ханхүү "БНХАУ-ын эрх баригчид үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд терроризм, экстремизмтэй тэмцэж буйг дэмжиж бас талархаж байна" гэж мэдэгджээ. Тэрбээр дээрх мэдэгдлийг хийхдээ "шашны цөөнх шинжаан уйгарчууд" талаарх албан ёсны нэршил дурьдаагүй боловч олон улс түүний мэдэгдлийг уйгарчуудын эсрэг явуулж буй бодлогыг дэмжсэн хэмээн буруутгалаа.

 

Си дарга хүндэт зочиндоо хандан "Дэлхийн аль ч улс БНХАУ-ын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй. Эртнээс найрсаг харилцаатай хоёр улс олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, "хэт даврагсдын сэтгэлгээг олон улсад тархахаас урьдчилан сэргийлэх учиртай" гэж мэдэгджээ. 

 

"Шинжаанд явуулж буй Бээжингийн хүчирхийллийг ханхүү дэмжсэн нь исламын ертөнцөд хагарал үүсэх эхний алхам болж болзошгүй" гэж "CNN" агентлаг жиргэжээ.  Ханхүүгийн эцэг, Саудын Арабын эзэн хаан Салманыг Мекка, Медина хотноо орших ариун сүмүүдийг ХАМГААЛАГЧ хэмээн өргөмжилдөг. 

 

Туркийн эрх баригчид уйгарчуудыг эсрэг явуулж буй хүчирхийллээ нэн даруй зогсоохыг Бээжингээс шаардсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин