Ким Чен Ун сэтгүүлчдээс болж, зочид буудлаа солиход хүрчээ
2019-02-27

2019 оны хамгийн чухал уулзалт болох ТРАМП-КИМ нарын хоёр дахь саммит уулзалт өнөөдөр албан ёсоор эхэлнэ.

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр 15 цагийн орчимд уулзалт болох Вьетнамын нийслэл Ханой хотноо хуягт галт тэргээрээ хүрэлцэн ирсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн сууж яваа онгоц 22.00 цагийн орчимд тус хотноо газарджээ.

 

Уулзалт болох газар болон удирдагчдын буудаллах зочид буудал зэрэг мэдээллийг Вьетнамын Гадаад хэргийн яам нууцалж байгаа юм. Анх удаа Вьетнам улсад ирж буй залуу удирдагч албаны хүмүүсийн хамтаар таван одтой “Melia”  гэх зочид буудалд буусан болохыг Америкийн хэвлэлийнхэн олж, тогтоожээ. Улмаар хэвлэлийнхэн уг зочид буудлын  ойр орчимд цугларч, удирдагчтай уулзах санал гаргасан ч Вьетнамын цагдаа нарын хүчтэй эсэргүүцэлтэй тулсан байна. 

 

Цагдаагийнхан сэтгүүлчдийг хүчээр тараахаас гадна шаардлага биелүүлэхгүй байгаа сэтгүүлчдэд сануулга өгсөн гэнэ. 

 

Удирдагчийн амар тайван байдлыг алдагдуулсан дээрх үйл явдалтай холбогдуулан удирдагчийг өөр зочид буудал руу нүүлгэн шилжүүлэхээр болсон талаар яамнаас мэдээлэв. 

 

ТРАМП-КИМ нарын уулзалтын эхэнд удирдагчид зөвхөн орчуулагчийн хамтаар ганцаарчилсан уулзалт хийх ба дараа нь оройн зоог хамт барих гэнэ. Харин маргааш өдөр нь хоёр улсын дунд тулгамдаж буй асуудал, цөмийн хөтөлбөр зэргийг ярилцаж, шийдвэртэй алхам хийхээр зорьж байна. 

 

Трамп Ханой хотноо ирэхээсээ өмнө хэвлэлийнхэнд "Үнэнийг хэлэхэд энэхүү хоёр дахь дээд хэмжээний уулзалтаас тийм ч их зүйл хүлээхгүй байна. Юу ч гэсэн түүнтэй ярилцаж, гацаанд байгаа зарим асуудлыг хэлэлцэх болно" гэж мэдэгджээ. 

 

Удирдагч өнгөрөгч оны зургаадугаар сард Сингапурт анх удаагаа уулзсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин