ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

ШШГЕГ-ын 461 дүгээр ангид саатуулагдсан хуульч эмэгтэй нас барсан хэргийн талаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа. Учир нь төрийн тусгай хамгаалалттай газруудад удаа дараа гэмт хэрэг гарч, хүний амь эрсдэж байхад хуульзүйн сайд Ц.Нямдорж нэг удаа дуугарсангүй. Ард түмнээс уучлал гуйгаагүй, шалтгаан нөхцөлийг тайлбарлаагүй учраас түүнийг огцрохыг шаардав.

Хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалттай байгууллагад иргэн амь насаа алдаж байгаа анхны тохиолдол энэ биш. ЗТХЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан хүн амиа алдсан. Мөн л хуульч хүн бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Бас нийслэлийн томоохон дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах ажилтан ажлын байрандаа бусдад хутгалуулж гэмтэл авсан.
Нийгмийн цочроосон хэрэг цуврал гэмт хэрэг шиг гардаг боллоо. Энэ бүх хэрэг дандаа төртэй холбоотой байна. Нэг бол төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн гэмт хэргийн золиос болж байна. Нөгөө бол төрийн байгууллагын хяналтад очоод шалгагдаж байгаа хүн амь насаа алдаж, хохирч байна. Энэ бол Монголын төр террорист шиг болсны илрэл. Монгол Улс хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулж чадахгүй байна. Тиймээс бид ҮАБЗ-д хандаж, монгол хүний амьд явах эрх, ялангуяа төрийн байгууллагад ажиллаж, шалгагдаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад анхаарч, яаралтай зөвлөмж гаргахыг хүснэ. Монголд хамгийн эрсдэлтэй ажлын байр төрийн алба, цэргийн алба боллоо. Дээр нь саатуулагддаг байр хүн амь насаараа хохирдог эрсдэлтэй нөхцөл байдал бий боллоо. Үүний төлөө хариуцлага хүлээх ёстой. Төрийн байгууллага иргэний эрхийг хамгаалах ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ