300 гаруй төрлийн нийлэг уутны 64.5 хувь нь шаардлага хангажээ
2019-2-28

Гуравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас нийлэг уут буюу нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хориглоно. Хориглохдоо бүх нийлэг уут биш нийтлэг хэрэглэгддэг, 0.035 мм буюу үүнээс нимгэн нэг удаагийн нийтлэг уутны хэрэглээг хязгаарлах юм.

 

“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх зорилгоор МХЕГ-аас сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийсэн байна. Зориулалтын багажаар хийсэн хэмжилтээр 64,5 хувь нь шаардлага хангасан аж.

 

 

Манай улсын хувьд нийлэг хальсан уутны 35 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тогтоол хэрэгжсэнээр 0,035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг импортоор оруулах боломжгүй болох юм. Нийлэг хальсан уутны хэрэглээг дэлхийд 60 гаруй улс хязгаарлаад байгаа аж.

 

Нийлэг уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхэлжээ. Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин