461 дүгээр ангиас камерын бичлэг, гэрээслэл хураан авч шалгаж байгаа
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч Б амь насаа алдсан хэрэг /2019.02.24/ гарсан. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал “2019 оны хоёрдугаар сарын 24-ны 00.15 минутад цагдаагийн 102 утсанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид баривчлагдсан байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан тухай дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, тусгай субьектэд үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч шалгалтын ажиллагааг явуулж байна. Прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд товч мэдээлэл өгье” гэв.
Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид Л.Бямбаа нас барсан хэрэгт Мөрдөн байцаах албаны даргын тогтоолоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Л.Бямбааг санаатай алсан, захиалгаар хөнөөсөн гэх мэт мэдээлэл цацагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт эд мөрийн баримтаар цагдан хорих 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан. Хяналтын камерын бичлэгт үзлэг, шалгалт хийгдэж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтуудад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон байгаа. Одоогоор дүгнэлт гараагүй байна. Энэ хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн амь хохирогчид хийсэн шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа учраас амь хохирогч амиа хорлосон эсхүл гадны нөлөөтэй нас барсан гэдэг талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хураан авсан. Тухайн гэрээслэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн шинжээч томилон ажиллаж байгаа. Хяналтын камерын бичлэг алдагдсан гэдэг ташаа мэдээлэл” гэлээ.
Энэ хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ