Цагдан хорих 461 дүгээр ангийн даргыг ажлаас нь чөлөөлсөн
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч Б амь насаа алдсан хэрэг /2019.02.24/ гарсан. Энэхүү хэрэгтэй холбогдуулан ШШГЕГ-аас мэдээлэл хийлээ.

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “Энэ сарын 22-23-нд шилжих шөнө цагдан хорих 461 дүгээр ангид АТГ-аас шалгагдаж саатуулагдаж байсан иргэн Б-ын амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Үүнд ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын ажил өчигдөр дууссан. Өнөөдөр ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар уг шалгалтын дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч, давхрын харуул хамгаалалтын ажилтан дүрс бичлэгийн ажилтан нар ажилдаа хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга хяналтаа сулруулсан зэрэг зүйл тогтоогдсон.
Хорих 461 дүгээр анги улсын хэмжээнд үйлдсэн гэмт хэрэгт цагдан хоригдож байгаа бүх хүн очдог том анги. Мөн хорих ялаар шийтгэгдсэн хүмүүс хувиарлагддаг учраас маш их ачаалалтай. Нэг давхар нь бусад хорих ангитай тэнцэхүйц хүнтэй, ачаалалтай байдаг газар. Тиймээс анхаарал сонор сэрэмж өндөртэй байхыг шаарддаг объект.
Тиймээс эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан алба хаагчдад ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хариуцлага тооцсон. Тухайлбал 461 дүгээр ангийн даргыг, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан” гэв.
Хэрэг гарах үед цагдан хорих 461 дүгээр ангийн дарга согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнд ШШГЕГ-аас “Хэргийн газрын үзлэг хийхэд ангийн дарга цагдаа, прокурорынхонтой хамт байсан. Хэрэв согтуу байсан бол тэд согтуу байна гэдгийг нь хэлэх байсан болов уу гэж бодож байна” гэлээ.
Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ