"Монос петролиум", "Дашваанжил газ" компаниуд шалгалтад унажээ
2019-02-28

 

Баянхонгор аймгийн Прокурорын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар  хамтран хийн газ худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, болон хийн халаагуур ажлуулж буй худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт явууллаа. Аймгийн  Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Д.Эрдэнэсоёл ,аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.Мөнхбат, стандарт хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр  шалгалт явуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монос петролиум ХХК-ний авто машин хийгээр цэнэглэх станц нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан тухай улсын комиссын акт, барилга байгууламжийн үндсэн бүтэц, инженерийн шугам сүлжээний төлөв байдлыг тодорхойлсон техникийн дүгнэлттэй байх” гэж заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон тул тус станцын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох шийдвэр гаргажээ.

 

 

 

Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Дашваанжил газ ХХК-ний салбар нь зарим хэрэглэгчидтэй гэрээ байгуулалгүйгээр хийн газ худалдан борлуулж буй  зөрчлийг илрүүлж,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж Баянхонгор аймгийн Прокурорын газраас мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин