Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 хүнийг баривчилжээ
3-1
Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ 7 хоногт буюу 2019.02.25-03.01-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс н-ийт 1097 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 840 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирч, нийслэлд 27 хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байна.

 

Орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын 3 нь мотоцикльтой холбоотой осол байх бөгөөд бүгд онхолдох хэлбэрээр гарсан мөн хамгаалах малгай, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна.

 

Өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн аймгуудын Засаг даргын захирамжаар энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон нутгуудад мотоциклийн хэрэглээг хязгаарласан байх боловч иргэд малын бэлчээр, ахуй хэрэглээндээ мотоциклийг хэрэглэх түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, техникийн бүрэн бус мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцож байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол гарах гол шалтгаан болж байна.

 

Иймд хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарласан үед унаж хэрэглэхгүй байх, цаашид мотоциклийг зориулалтын дагуу, техникийн хувьд бүрэн бүтэн, хамгаалах хэрэгсэл хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

Мөн зам тээврийн ослын 18 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 48 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 4, онхолдох хэлбэрээр 3 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

 

  • БЗД-ийн нутаг ЕБ-н 127-р дунд сургуулийн зүүн замд марк, улсын дугаар  тодорхойгүй автомашины жолооч нь  явган зорчигч 40настай.эрэгтэй П-г мөргөж амь насыг хохироож осол хэргийн газрыг орхиж явсан хэргийг,

 

  • 2019.02.27-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг “Хавтгай ар” гэх газар  шороон замд Даюун маркийн мотоцикль онхолдож, жолооч 39настай.эрэгтэй М-н амь нас хохирсон зэрэг хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 165 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 27 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

 

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 16,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй 20,3 хувиар, гэмтсэн хүний тоо 90 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 38 хувиар, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол 65 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Shuud.mn
Сонин хачин