НИТХ дахь АН-ын бүлэг шүүхэд хандахаа мэдэгдлээ

НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг НИТХ-ын даргыг сонгох санал хураалт хууль зөрчсөн хэмээн мэдээллээ. Заалнаас нэр дэвшсэн хүнээ шууд хасч, санал хураалтыг ил явуулсан нь дэг, хууль зөрчсөн үйлдэл хэмээн АН-ын бүлэг үзэж байна. Тиймээс тус бүлэг шүүхэд хандахаар болжээ.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа “НИТХ бие дааж, шийдвэр гаргах боломжгүй боллоо. Өнөөдөр олонх болсон МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж авдаг, хамжлага байгууллага нь боллоо. МАН-ынхан удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг НИТХ-аар батлуулах гэж тулгадаг болсон байна. Дарга сонгох гурван удаагийн сонгууль ингэж явагдсан.
Өчигдрийн НИТХ-ын даргыг сонгох сонгуулийн тооллогын комисст хуралдаа нэг ч ирдэггүй МАН-ын генсек С.Амарбаясгалан орж ирсэн. Засаг даргын сонгуулийн тооллогын комисст ч хүчээр орж ирсэн. Энэ нь намынхаа шийдвэрийг НИТХ-аар батлуулах гэсэн санаа” гэсэн байр суурь илэрхийллээ.
АН-ын бүлэг “Улаанбаатар хот анх удаа 92 хоног удирдлагагүй байлаа. Нийслэл гэх айлын ажил, амьдралыг тасалдуулах эрх МАН-д байхгүй. МАН нийслэлчүүдийг үл тоож байна” гэж үзэж байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ