"Ниссан"-ы экс босс батлан даалтаар суллагдахаар боллоо
2019-03-06

Японы автомашин үйлдвэрлэлийн “Nissan Motor” компанийн ТУЗ-ийн дарга Карлос Гон өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Токио хотын цагдаагийнхан баривчилсан билээ.

 

 

Түүнийг олон жилийн хугацаанд цалингаа худал мэдээлж, компанийн мөнгийн хувьдаа завшсан, хөрөнгө оруулалтын мэдээллээ худал тайлагнаж Японы Татварын албыг хууран мэхэлсэн гэх хэрэгт буруутгасан юм.

 

Гон нийтдээ 100 өдөр саатуулагдсан ба тэрбээр батлан даалтаар суллагдахаар болжээ. Токиогийн шүүх 8.9 сая ам.долларын торгуультайгаар батлан даалтаар суллах шийдвэр гаргасан аж. 

 

Тэрбээр "Би ямар ч буруугүй. Энэ бол гүтгэлэг" хэмээн мэдэгдсээр байгаа юм. 

 

Карлос Гон сарын орчмын өмнө өөрийн хуулийн багаа шинэчилсэн ба түүний шинэ өмгөөлөгч өнгөрөг долоо хоногт үйлчлүүлэгчээ батлан даалтаар суллах хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

Карлос Гон нь “Nissan Motor” компанийг хөл дээр нь босгосон чадварлаг Гүйцэтгэх захирал гэдгээрээ танигдсан нэгэн юм. Тэрбээр 2015 оныг хүртэлх таван жилийн хугацаанд “Nissan Motor” компаниас цалин болон бусад урамшуулал болгон нийт 89 сая ам.доллар авсан байдаг байна. Харин санхүүгийн тайландаа үүнийхээ ердөө талыг нь мэдүүлжээ. Тус компани ийм үйлдлийг хэрхэвч тэвчихгүй гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Хирото Сайкава мэдэгдсэн юм.

 

Бразил гаралтай, Франц улсын иргэн Карлос Гон нь 1996-1999 онд “Renault” компанийн тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Түүний дараа Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компанид ирж, шинэчлэлийн ажлыг амжилттай хийж байсан түүхтэй аж. Тэрбээр “Nissan Motor”-ийн үйлдвэрүүдийг хааж, 21 мянган ажлын байр цомхотгон хэмнэсэн хөрөнгөөрөө гурван жилийн хугацаанд суудлын болон ачааны автомашины 22 загварыг шинээр гаргаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин