МАН-д бус ҮАБЗ-д тогтсон “эв санааны нэгдэл”
2019-03-11

ҮАБЗ-ийн гурван гишүүн энэ удаад эв санааны нэгдэлтэй байгааг  хэн хүнгүй мэднэ. Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонгогдоогүй байхад нь Ерөнхий сайдаар дэмжин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “харшил”-тай байсныг эс тооцвол Засгийн газраа 100 хувь парламентаас бүрдүүлэхэд нь хориг тавилгүй боломж олгосон.  Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар У.Хүрэлсүхийн Засгийн газрын “гал тогоо”-г барьж, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутаг. Тиймээс  ч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулж, дараагийн спикерээр Г.Занданшатарыг сонгогдоход ямар гацаа саад байгаагүй, дэвшсэн. Уг  нь М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөд орны суудлыг нь санаархаж, сэрүүн зүүдэлсэн эрхмүүд эрх баригч хүчинд нэг бус нэлээд хэд байсан. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүний нэр хамгийн түрүүнд гарч байсан. Хэрвээ ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, албан тушаалаа ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан нь “илрээгүй” байсан бол эдүгээ парламентат засаглалын тэргүүн байхаар нэгэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг дахин УИХ-ын даргаар томилогдоно гэж бор шувуу ч үнэний ортой. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар спикерийн томилгоог хэлэлцэхэд нэрээ зүтгүүлээд дэмжлэг аваагүй гэж дотроос нь ярьж байна лээ. Уг нь тээр жил “хууль засаагүй” бол УИХ-ын даргын суудлаас нь огцруулах хэмжээнд чуулганы танхим популизмын талбар болоогүй байсан цаг. Тиймээс ч УИХ-ын дараагийн даргаар Ц.Нямдорж гишүүнийг яригдахад “ҮХЦ-ийн дүгнэлтээр УИХ-ын даргаасаа огцорсон хүнийг дахин сонгодоггүй. Хуулиараа хориотой” гэсэн мэдэгдэл хүртэл дагалдсан. Бусад горилогчдын тухайд аль нэг талдаа дэмжлэг авахааргүй байсан бол өнөөдрийн УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд нам, төрийн ивээл дор  “ногоон гэрэл”-ээр сонгогдсон гэхэд болно.

 

УИХ-ын даргаас М.Энхболдыг огцруулсны дараагаар парламентад ч, МАН-д ч эв нэгдлийг тогтооно гэж нэр бүхий зарим эрхмүүд үгээр бус үйлдлээрээ илэрхийлээд байсан. Гэвч өнөөдөр  УИХ-д үнэмлэхүй олонхийн суудлыг авсан эрх баригч хүчин МАН эвлэлдэн нэгдэж чадаагүй, хагарал, бутрал үргэлжилж, харин Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын бүрэлдэхүүнтэй ҮАБЗ “эв санааны нэгдэл”-ийг тунхаглаад байна. Тиймээс ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зүгээс ч, Засгийн зүгээс ч, тэр байтугай УИХ-ын гишүүн хүртэл ҮАБЗ-ийн гишүүд  дэмжиж байгаа гэж тод, чанга дуугаар хэлж байна. Жишээлэхэд, УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж,  “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцаан асуудлыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж, төр өмчөө буцаан авах зөвлөмжийг санал нэгтэй гаргасан байна. Энэ талаар   УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай хамт мафийн эсрэг хатуу тэмцэнэ”, ., ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нийгмийн өөрчлөлтийг дэмжихийг хүсч байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар байгаад баярлаж байна”, Ерөнхийлөгчин Тамгын газрын дарга З.Энхболд “ҮАБЗ хуралдаж, төр өмчөө буцаан авах зөвлөмж гаргасан” нэгэн дуугаар мэдээлж байна. “Эрдэнэт”-ээр зогсохгүй, цаашдаа ч төрд өмчийг буцаан авах  арга хэмжээ үргэлжлэх шинжтэй.

 

Цаашлаад УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаад байгаа. Ер нь бол намрын чуулган улс төрийн нөхцөл байдлын улмаас 40 гаруй хоног гацаж, зарим хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд хойшлогдсон. Тиймээс ч намрын чуулган хугацаа сунган хуралдах, уу, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах уу гэсэн хүлээлтийг нийгэм харж байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг намрын чуулган завсарласны дараагаар хүргүүлсэн. Гэхдээ хуралдуулах эсэх эрх нь зөвхөн УИХ-ын мэдлийнх байлаа.  УИХ-ын даргын тухайд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэдгээ даргын дэргэдэх зөвлөлийн хурлаараа шийдвэрлэснээ мэдэгдсэн. Харин нэгэнтээ зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг одоогоор УИХ-ын дарга захирамжлаагүй байна. Ямартай ч Татварын багц хууль, Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай намрын чуулганаар бүрэн шийдвэрлэгдээгүй хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах нь. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн зүгээс шүүх, прокурор, АТГ-ын даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцүүлэх санал хүргүүлээд байгаа.

 

Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн, Хөгжлийн банкны, ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан гишүүдийн асуудлыг ч оруулан хэлэлцэхээр болсон тухай яригдаж байна.  Ерөнхийлөгчийн зүгээс хэлэлцүүлэхээр хүргүүлээд байгаа саналууд ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэгдэж, зөвлөмж гаргасныг ЕТГ-ын дарга онцолсон.

 

Тиймээс ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд ҮАБЗ-ын зүгээс шийдэлд хүрсэн асуудлууд багтах бололтой. Харин УИХ, тэр дундаа эрх баригч хүчний зүгээс хэлэлцэх асуудалд олонхийн санал нэгдсэн эсэх нь хэлэлцүүлгийн шатанд харагдах биз. Магадгүй, МАН-ын бүлэг дэх М.Энхболдын фракцынхны эсэргүүцэлтэй тулж ч мэднэ. Энэ бүхэнд  парламентад эв нэгдлийг сүр хүчээр бус эе эвээр сахиулдгийг УИХ-ын шинэ дарга эрхбиш мэдэх биз.  

 

Тэгээд ч ирэх зургадугаар сар хүртэл эрх баригч хүчин эв эеэ зангидахгүй бол Хэнтийн сонгууль хүлээж байгаа. ҮАБЗ-д тогтсон “эв санааны нэгдэл”-ийг  бус эрх баригч хүчний үйл ажиллагааг энэ сонгууль дүгнэнэ.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
ud:
Zuv.3 tiish haraad bval yaj uls ornoo udirdahiin, harin ch zuv buguud neg sanaa bodoltoi bgaad ni bayarlaj baina.
2019-03-11
ud:
Tiin shuu.
2019-03-11
3 xулгайч нийлж тер хулгайлах нь ээ. Тавантолгойг Жэнко удахгvй авна. Жэнко еерее шийдвэр гаргаж, темер зам барина гэж 280 сая доллар зээлээд шороо овоолсон.Шороогоо Эрдэнэс Тавантолгойд 280 сая $оор дахиад зарж, тэр менгеерее Тавантолгойн хувьцаа авах нэрээр Тавантолгойг Жэнко авна гэж 3.7нд Тамгын дарга нь хэвлэлээр зарласан.
2019-03-11
Зочин:
Ч. Хүрэлбаатарын төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн луйвардаж авсан Хотгор шанагын уурхайг ч бас төр мэдэлдээ буцааж авах ёстой.
2019-03-11
зОЧИН:
төрийн 3 өндөрлөг эв нэгдэлтэй байж төрийн ажил урагшаа явна шүү дээ яагаад энэ эв нэгдлийн тухай ёжилсон шүүмжилсэн маягтай бичээ вэ заавал хоорондоо хэрэлдэж хагаралдаж байх ёстой юмуу эв нэгдэлтэй байгаа явдлыг дэмжиж улам их амжилт хүсмээр байна даа
2019-03-11
ud:
Tiin shuu.
Иргэн:
Зөв өө, ингэж санаа нэгдэж байж ажил явна, МАНАН-г сарниулна. Дэмжиж байна, амжилт хүсье
2019-03-11