Монголбанк, ББСБ-тай хамаарал бүхий ажилтнууддаа арга хэмжээ тооцжээ


Монгол Улсын хэмжээнд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүний дийлэнх нь буюу 91.1 хувь нь зээлийн үйл ажиллагааг дагнан болон хавсран эрхэлж буй бол 8.9 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг явуулж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн.
Сүүлийн өдрүүдэд ББСБ-ын хувьцаа эзэмшигчид нь төрийн албан хаагчид байна гэх мэдээлэл тархсан. Тодруулбал Монголбанкны 22 ажилтан ББСБ-тай. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг төв банкны ажилтнууд ББСБ байгуулж, мөнгө хүүлж байна гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдаж, нийгэмд бухимдал үүсгээд байна.
Монголбанкнаас "22 ажилтан" гэдгийг үгүйсгэж, тус банкинд ББСБ-тай хамаарал бүхий таван хүн байгаа гэдгийг хэллээ. Улмаар төв банкинд ажилладаг хүн ББСБ-тай хамааралтай байх нь зохимжгүй гэж үзсэн тул байгууллагын дотоод журмаар зохих арга хэмжээ тооцсон аж.
ББСБ-тай хамаарал бүхий таван хүний нэг нь үүсгэн байгуулагч аж. Гэхдээ хөдөө орон нутгат үйл ажиллагаа явуулдаг байсан ББСБ нь татан буугдаад олон жил болж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор тодорхойлж, уг ажилтан одоо тухайн ББСБ-тай хамааралгүй болохыг нь тогтоожээ. Үлдсэн дөрвөн ажилтанг Монголбанкны хуулийн хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Тэд өөрсдөө бус, тэдний хамаарал бүхий этгээдүүд ББСБ-тай төдийгүй үүнийг албан ёсоор ХОМ-дээ мэдүүлсэн тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэв. Гэхдээ байгууллагын дотоод журмаар арга хэмжээ авчээ.
Төрийн албан хаагч, тэр дундаа төв банкны ажилтан ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлж болох эсэхийг СЗХ-ны ББСБ-ын газрын дарга М.Өлзийбатаас тодруулахад “ББСБ-ыг Төрийн албанд ажиллаж байгаа болон УИХ-ын нөлөө бүхий эрхмүүд 100 хувь эзэмшдэг гэж нийгэм ойлгоод байгаа. Гэтэл тухайн хүний эхнэр нь эсвэл нөхөр нь хувьцааны 10 хувийг эзэмшдэг байсан ч ХОМ дээрээ мэдүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр тухайн ББСБ нь 100 хувь УИХ-ын гишүүний эсвэл төрийн албан хаагчынх гэж ойлгож болохгүй.
ББСБ-д энэ оны байдлаар нийт 4875 хувьцаа эзэмшигч байна. Энд жирийн иргэд төрийн албан хаагч тодорхой хэмжээний хувьцаа эзэмшээд явж болно. Харин тухайн хүний орлого нь хууль ёсны орлого мөн үү гэдэгт СЗХ хяналт тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ